МҮХАҮТ-ын "Хүнд суртлын индекс - 2021" судалгааны дүнгээс үзэхэд бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн үйлчилгээ авахад хүнд суртал ихэссэн гэж үзжээ.
Бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг бүрдүүлж, 3 төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргадаг байна.
Мөн судалгаанд оролцогчдын 45% нь төрийн үйлчилгээг авахдаа ямар нэг албан бус зардал гаргасан бөгөөд дунджаар 219 мянган төгрөг зарцуулсан гэж хариулжээ.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 15.6% буюу 94 бизнес эрхлэгч төрийн аль нэг үйлчилгээ авах явцад хууль, дүрэм журам зөрчигдсөн гэж хариулжээ. Мөн эдгээр 94 аж ахуйн нэгжийн 32 нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол тухайн гомдлын дөнгөж 8-ыг нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Төрийн үйлчилгээнд боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид хамгийн муу үнэлгээ өгсөн ба эдгээр салбарын бизнесүүдэд төрийн үйлчилгээ авахад хүнд суртал илүү их байна.
Дотоодын тээврийн салбарын бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээний мэдээллийн ил тод, олдоцтой байдалд, боловсролын салбарын аж ахуйн нэгжүүд баримт бичгийн тоо болон харьцдаг албан
хаагчийн харилцаа хандлага, төрийн үйлчилгээ авах хугацааг илүү анхаарах хэрэгтэй байна гэжээ.
Үйлчилгээ авах хүрээнд судалгаанд оролцогчдийн 55% нь албан бус зардал гаргаагүй, 45% нь ямар нэг албан бус зардал гаргасан гэсэн байна.
Дүгнэлт, тодорхойлолт, баталгаажуулалт авах үйлчилгээ авсан бизнес эрхлэгчдийн 16.4 хувь нь үйлчилгээ авах явцад хууль, дүрэм журам зөрчигдсөн ба 11 нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол нэг гомдлыг журмын дагуу шийдвэрлэсэн гэжээ.
Лавлагаа, мэдээлэл авах үйлчилгээний хувьд хугацаа, албан хаагчийн харилцаа хандлагад хамгийн бага үнэлгээ өгчээ. Лавлагаа, мэдээлэл авахад бизнес эрхлэгчдийн 10.2 хувь нь үйлчилгээ авах явцад журам зөрчигдсөн гэж хариулсан байна.
Зөвшөөрөл авах үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд бүгд дундаж үнэлгээнээс бага байна. Зөвшөөрлийн үйлчилгээ авахад бизнес эрхлэгчдийн 58% нь ямар нэг албан бус зардал гаргасан. Зөвшөөрлийн үйлчилгээний хүрээнд бизнес эрхлэгчдийн 21.1 хувь нь үйлчилгээ авах явцад хууль, дүрэм журам зөрчигдсөн гэж хариулжээ.
Хүнд суртлын индекс 2021 онд 2.72 үнэлгээтэй гарсан нь бизнес эрхлэгчид 2018 онтой харьцуулахад төрийн үйлчилгээ авахад хүнд суртал ихэссэн гэж үзжээ. Ерөнхий үзүүлэлтүүдээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын үнэлгээ бусад үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайн, харин төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байна.
Төрийн үйлчилгээ авахад авахад зарцуулж буй хугацаа хамгийн их хүндрэл үүсгэж байгаа бол тухайн үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, албан зардлын хэмжээ дунджаас дээгүүр илүү сайн үнэлгээтэй гарчээ.
Төрийн үйлчилгээний нэр төрлүүдээс хяналт шалгалт, худалдан авах ажиллагаа, зөвшөөрөл олгох үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )