Өчигдөр /2022.11.17/ Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хордож, ЭХЭМҮТ-д хүргэгдэж ирсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл энэ хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Өчигдөр оройн 20:00 цагийн орчимд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны таван хүүхэд таталт өгсөн байдалтай ирсэн байна.
Мэдээллийг шалгахад, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б-1 давхрын танхимд хичээллэж байх үед нэг сурагч таталт өгсөн, дөрвөн сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан нь тогтоогджээ.
Улмаар дээрх таван хүүхэдтэй ижил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унасан гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон ЭХЭМҮТ-д нийт найман хүүхдийг хэвтэн эмчлүүлжээ. Өнөөдрийн байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж, эмнэлгээс гарсан байна.
Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )