Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дундаж хугацаа 3 сараар богиносжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

"Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр  /2022.11.29/  МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

Монголын Олон Улсын Арбитраас санаачлан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхимтай хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа болох арбитр, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчны практик, ололт, амжилт, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, мөн хуулийн байгууллагын ажилтан, албан хаагч, хуульч, өмгөөлөгч, судлаачдад маргаан шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг хүргэж, бодлого тодорхойлох, олон нийтэд шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Тус хэлэлцүүлгээр:  

 

  • Монгол Улсын хэмжээнд Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодлого
  • Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэхэд шүүхийн оролцоо, арбитрын шийдвэрийг баталгаажуулан, хүлээн зөвшөөрөхөд тулгамдаж буй асуудал
  • Эвлэрүүлэн зуучлалын харилцаанд тулгамдаж буй асуудал
  • Нотариатын мэдэгдэх хуудасны гүйцэтгэлийг баталгаажуулахад тулгамдаж буй асуудал
  • Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь
  • Public order буюу нийтийн дэг журам, гадаад орны арбитрын шийдвэрийг биелүүлэх нь
  • Арбитрын шийдвэрийг биелүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр хэлэлцжээ.

 

Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэн хөгжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад хувийн эрх зүйн шинэтгэлийн тухай ярьж, бизнесийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах, түүний үр өгөөжийг дээшлүүлэх нэн тэргүүний зорилго болоод байгаа билээ. Тус хэлэлцүүлгийн үр дүнд дэлхийн олон оронд түгээмэл хэрэгжиж байгаа бизнесийн маргааныг шүүхийн бус журмаар буюу цаг хугацаа, зардал хэмнэсэн арбитр болон эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг арга барилыг дэлхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Тодотгоход, Монголын Олон Улсын Арбитр 2021 онд 187 хэрэг хүлээн авч, 131 хэрэг шийдвэрлэжээ. Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дундаж хугацаа 3 сараар богиноссон бөгөөд нэг жилд хүлээн авах арбитрын хэргийн тоо 2019 онтой харьцуулахад 115 хувиар нэмэгдэж, нэг жилд шийдвэрлэсэн хэргийн тоо мөн  онтой харьцуулахад 152 хувиар нэмэгджээ. Монголын Олон Улсын Арбитр өнөөдрийн байдлаар 180 гаруй хэрэг хүлээн аваад буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top