Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны бодлогын зөвлөл хуралджээ.

Хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болох хөрөнгийн зах зээлийн татварын орчин, шимтгэл хураамжийн талаар хэлэлцжээ.

 Тодруулбал, бодлогын зөвлөлөөс дотоодын хөрөнгийн зах зээлийн татварын эрх зүйн орчинд гарч буй эерэг өөрчлөлт, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээ буурч байгаа нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бэхжүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарт эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүдийг хадгалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ татварын эрх зүйн орчин, үнэт цаасны арилжаа, шимтгэл хураамжийн талаар мэдээлэл өгөх зорилго бүхий ажлыг үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын дунд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-той хамтран зохион байгуулахаар тогтжээ.

Үнэт цаасны бодлогын зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, зөвлөлийн гишүүдээр СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл,  “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон мэргэжлийн холбоод, компаниудын удирдлагууд, МУИС, СЭЗИС-ийн төлөөллөл ажилладаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top