Нийслэлийн прокурорын газраас “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э, ерөнхий нягтлан бодогч Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э, ерөнхий нягтлан бодогч Ц нар нь тус компанийн захирал Б-тэй бүлэглэн компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж “Жи Ар Эф Парагон Малайз Лимитед” компанитай “Засагчандмань майнз” ХХК-ийн эзэмшлийн хугацаа нь дууссан хайгуулын тусгай зөвшөөрөл болон хувьцаа, хөрөнгө зэргийг барьцаалан гэрээ байгуулж, улмаар холбогдох гэрээ, баримтыг эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 19 сая ам.долларыг залилж авсан хэргийг шалгажээ.
Улмаар дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн байна.
Харин “Засагчандмань майнз” ХХК-ийн захирал Б нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж, Монгол Улсын хилээр гарсан тул холбогдох хэргийг нь тусгаарлан шалгаж байна.
Хуульд "Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах 1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж; 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Хэргийг сануулахад, Монгол Улсын “Засагчандмань” /РД:2678152/ ХХК, “Засагчандмань майнз” /РД:5382432/ ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Буянтогтох, “Засагчандмань” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Инж-Улбаа, “Засагчандмань майнз” ХХК -ийн гүйцэтгэх захирал Т.Эрдэнэбатхаан, Ерөнхий нягтлан бодогч А.Цэнд-Аюуш нар нь хуурамч “Хөрвөх өрийн бичгийн сертификат” гэх үнэт цаас бэлтгэсэн, ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн гэгддэг.
Тэд “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байрлах ашигт малтмалын МҮ-015594 дугаартай зөвшөөрөлтэй “Чандмань” уурхайд нойтон болон хуурай аргаар полиметал боловсруулах үйлдвэрийг дагалдах дэд бүтцийн хамтаар барьж байгуулах ажлыг санхүүжүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Малайз улсад бүртгэлтэй “GRF paragon Malaysia Limited” компанитай 2015 оны долдугаар сарын 23-ны өдөр “Хувьцаагаар хөрвөх өрийн бичиг баталгаажуулах гэрээ”, “Засагчандмань майнз” ХХК-ийн Хувьцаа барьцаалах гэрээ, “Засагчандмань” ХХК-ийн Хувьцаа барьцаалах гэрээ, “Засагчандмань майнз” ХХК-ийн Хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ, “Засагчандмань” ХХК-ийн Хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ, Зээлдүүлэгчийн зэрэглэлийг тогтоох гэрээ зэрэг бодит байдалд хэрэгжих боломжгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээнүүдийг байгуулж, 2016 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хооронд Голомт банк дахь 8145100168 тоот ам.долларын данснаар 10 удаагийн гүйлгээгээр 17,870,000 ам.доллар буюу 38 888 258 200 /гучин найман тэрбум найман зуун наян найман сая хоёр зуун тавин найман мянга хоёр зуу/ төгрөгийг шилжүүлэн авч, “GRF paragon Malaysia Limited” компанид их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Энд дурдахад, хил даван зугтсан гэх “Засагчандмань майнз” ХХК-ийн захирал Б нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын хамаатан гэгддэг.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн шалгаж учрыг нь олмоор юм биш үү? нөлөө бүхий улстөрч гадныхантай хуйвалдаад компанийг барьж идэх гээд байгаа юм биш үү? Улаан балыг үзэхийг санал болгож байна.
Улаан бал нэвтрүүлэгт шал өөр зүйл яригдаж байсан. Баримт нотолгоо нь ч байх шиг байна лээ.