Сэлбэ төслийн нэгжийг татан буулгах эсэхийг Сангийн яам эцэслэн шийднэ

2022 оны 12 сарын 02

НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан талаар өчигдөр мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлсэн.

Мөн тэрээр Сэлбэ голын төсөлтэй холбоотой мэдээлэлд “2015 онд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам доллароор Сэлбэ голыг тохижуулах, мөн урсцыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулах нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна ундны усны нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

60 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-аас гаргах бол үлдсэн таван хувийг нийслэлээс гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Одоогийн байдлаар тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс ямар ч мөнгө зарцуулаагүй. Сэлбэ голын төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Гэхдээ энэ бол Нийслэлийн Засаг дарга дангаараа шийдэх асуудал биш. Сангийн яам татан буулгах эсэхийг эцэслэн шийднэ” гэх тайлбарыг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top