“Тиан Юу групп”-ээс авах ₮1.2 тэрбумыг НАЙДВАРГҮЙ АВЛАГА гэж бүртгэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Үндэсний Аудитын Газраас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн авлагатай холбоотой мэдээлэл байна.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь БНХАУ-ын Тиан Юу групп /Tian YU group/ компаниас авах 2015 онд үүссэн нүүрсний борлуулалтын 1.2 тэрбум төгрөгийн авлага барагдуулалт удааширч, 2021 онд 100 хувь найдваргүй авлага болгон бүртгэсэн талаар аудитын тайланд дурджээ.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өчигдөр /2022.12.01/  мэдээлэл хийсэн.

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр  сард нийт 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг нь Гашуунсухайт боомтоор экспортолсон гэж мэдээлсэн.

Экспортыг нэмэгдүүлэх, богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээний үр дүнд 2022 оны аравдугаар сарын 7-ны өдөр 53.5 мянган тонн нүүрс экспортолж байсан бол арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 110.9 мянган тонн нүүрс Гашуунсухайт боомтоор экспортод гаргасан гэхчлэн мэдээлэл өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top