Нүүрсний хулгай бол 30 жил үргэлжилсэн их луйврын ХЭЛТЭРХИЙ

2022 оны 12 сарын 06

Хоёр өдөр үргэлжилсэн жагсаалыг иргэд үзэл бодлоо илэрхийлсэн органик үйл явц гэх хэсэг байхад эсрэгээрээ органик бус, ардаа улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан гэх байр сууриуд уламжлалын дагуу сошиалд хөвөрч байна.

Ерөнхийдөө бол аль аль агуулга нь хоёр өдрийн жагсаалд бий гэдгийг ойлгоход тийм ч төвөгтэй биш. 

Асуудлын гол нь юундаа  вэ гэхээр эгэл жирийн ард иргэд хэдэн арваны туршид боломжуудаа хэсэг бүлэг этгээдүүдэд хулгайлуулсаар ирсэн нь үнэн гэдэгт л байгаа юм. Жагсаал цуглаан өнгөрсөн олон жилүүдэд болсоор л ирсэн.

Тэнд үнэхээр зориод очдог иргэд ч байсан. Мөн элдэв ашиг сонирхол бүхий этгээдүүдийн хүслийг гүйцэлдүүлэхээр очдог хэсэг ч байсан. Өнөөдөр ч тийм.

Улс орнуудын нөхцөл байдлыг аваад үзэхэд ч ерөнхийдөө нийгмийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал зэргийн ард “зохион байгуулалт” хийгддэг жишигтэй. 

Гол нь аливаа эсэргүүцэл, жагсаалын онилж буй сэдэв дийлэнх олонхын эрх ашигт илүүтэй нийцэж байна уу гэдэг асуудал бий.

Энэ үүднээс харахад, өдгөө эрчээ аваад буй нүүрсний хулгайчидтай хариуцлага тооцох тухай асуудал зөв юм. 

Ерөөс энэ бол хэдэн мянган тонн нүүрсний л тухай сэдэв биш. Уг углуургаар нь харвал баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус байсаар өнөөдрийг хүрсний л тод жишээ. Тиймээс иргэд бухимдаж байна. 

Бид хүний эрх, эрх чөлөөг ус, агаартай зүйрлэн ярьж гурван арваны ард гарсан ч үнэн хэрэгтээ агуулгыг нь хаа хаанаа бүрэн дүүрэн ойлгоогүй учраас л хэсэг бүлэг этгээдүүд баялаг болон баялгийг бий болгох боломжийг давуу эрхтэйгээр эзэмшиж иржээ. 

Өнөөдрийн Монголд гурван хүн тутмын 1 нь албан ёсоор ядуу ангилалд, эдийн засаг хүндэрч, цалин орлого тасалдахад нийт хүн амын 2/3 нь ядуурлын хүрээг тэлж, нэгдэх хэмжээнд байна. 

Ядуурал  газар авсныг ганц хоёр өгүүлбэрээр тодорхойлж дүгнэх нь харьцангуй. Хүн амын чинээлэг хэсэг гэгдэх цөөнхийн хувьд хөдөлмөр зүтгэлээрээ амжилтад хүрсэн,  бизнесийн талбарт авьяасаа харуулж, тодорцгоосон нь ч бий. Мөн түрүүн хэлсэнчлэн давуу байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг ч бий. 

Үүний хамгийн тод жишээ буюу Монголчуудын хувьд "мордохын хазгай" гэгч  болсон зүйл бол  1992-1995 оны хувьчлал юм.  

475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн,  нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн байдаг. Ингэснээр нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон ч хувьчлалын үр дүнд өрөм битгий хэл хусам олж хүртсэн иргэд цөөн. Тухайн үед хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй эсвэл бусдад шилжүүлсэн байдаг. 

Зарим иргэд хувьцаа эзэмшдэг эсэхээ ч мэддэггүй тул цэнхэр, ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтойг тус компанийн зүгээс мэдэгдэж байсан билээ. 

Тухайн үед хувьчлагдсан 475 гаруй улсын үйлдвэрээс үүдээ барьсан нь байгаа ч хувьчлал нэрээр хувьцааны дийлэнхийг авч, үйлдвэрийн газар болоод барилгаар нь суурь хийгээд хөлжсөн хүмүүс ч цөөнгүй. Товчхондоо бол ерээд оны тэрхүү үйл явц нь хувьчлал гэдэг гоё нэрээр халхавчилсан   баялгийн тэгш бус хуваарилалт болсон. 

Гол нь ард иргэдийнхээ боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлдаг тэрхүү арга  барил өнгөрсөн 30 жилд улам нарийсан, төр засгийн гол байгууллагууд хүч хавсардаг, аалзны тор нэхчихснийг нүүрсний хулгай харуулж байгаа юм. 

Тиймээс иргэд үгээ хэлж, тэмцэж байна. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг жамтай. Тэгэхээр органик болон органик бусчууд нэг талбай дээр ч болов жагсаад, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх нь харьцангуй эрүүл үзэгдэл. Хулгай, луйврыг харсаар байж үл эсэргүүцэх нь эрүүл бус үзэгдэл юм. 

Шударга бусын суурин дээр, тэгш бус гараанаас  өсөж өндийгсөд хийгээд эрх мэдэл, давуу талаа ашиглан иргэдийн боломжийг хулгайлагсдын бүхэл бүтэн давхарга  өнөөдрийн нийгэмд бий болчихоод байхад, хүлцэн эвлэрэх нь Манкурт боолын шинж л дээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
(64.119.27.96) 2022 оны 12 сарын 06

TER ORDONI NI SHATAA

0  |  0
(64.119.27.96) 2022 оны 12 сарын 06

BITGII SHAAGAAD SHAL SHAL GEED MUU LALAR MINI ALII SHUU

0  |  0
Зочин(202.126.89.142) 2022 оны 12 сарын 06

Хэлтэрхий байсанч нүүрсний хулгайч нарыг цэвэрлэж ялыг үүрүүлэж хулгайлсан хөрөнгийг буцаах ёстой

5  |  0
Top