Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүгийн сахилга баттай холбоотой олон зөрчил илэрч байгаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын өгсөн мэдээллээс хүргэе.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 онд байгуулагдан,  үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 86 сая тонн нүүрс борлуулж  4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Мөн үүсгэн байгуулагдсанаас хойш улсын төсөв болон орон нутгийн төсөвт 3.1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. 

Засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд борлуулалтын орлогыг нэмэгдүүлж 500 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж  байгаа тухайгаа онцоллоо. 

2022 онд Баруун Зүүн цанхийн уурхайн уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээ байгуулж нийт 781.4 мянган тонн нүүрс нийлүүлсэн байна. Нүүрсээр төлбөр барагдуулахдаа 7-10 хувийн хөнгөлттэй үнээр худалдаалж компанид орох орлогыг 31.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Цаашид нүүрсээр төлбөр төлдөг байдлыг зогсоож зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг байдалд шилжиж ажиллана хэмээн хэллээ. 

Мөн Засгийн газрын 449 дүгээр тогтоолоор нууцын зэрэглэлээс гаргасан гэрээнүүдийн талаар танилцуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүгийн сахилга баттай холбоотой олон зөрчил илэрч байгаа. Үүнийг шат дараатайгаар цэгцэлж компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох ажил үргэлжилнэ гэв.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(192.82.69.244) 2022 оны 12 сарын 18

Эрдэнэс таван толгой ХХК -ны Удирдлагыг шалгаж шаардлагатай бол солих хэрэгтэй. Санхүүгийн сахилга бат алдагдсан бол тухайн үйлдвэрээс алга болсон хөрөнгө мөнгийг хариуцагч албан тушаалтнуудаар төлүүлэх хэрэгтэй...

0  |  0
Top