"Рио Тинто" Оюутолгойн 66%-ийг эзэмшигчийн хувиар ЗГ-тай хэлэлцээ хийхэд ОЙРТЛОО

2022 оны 12 сарын 16

Улс орон даяар нүүрсний хулгайн асуудал ид  анхаарал татаж буй энэ цаг үед хилийн чинадад Монголын Оюутолгой төсөлтэй холбоотой үйл явдлууд ар араасаа хөвөрч байна.

Тухайлбал,  "Туркойз Хилл Ресурс"-ын 49%-ийг нэмж авч, 100% эзэмшигч нь болох "Рио Тинто"-гийн хүсэлттэй холбоотой сүүлийн шатны зөвшөөрлийг Канадын Юконы Дээд шүүхээс энэ сарын 14-нд өглөө.

Ингэснээр Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-ийн хооронд сүүлийн есөн сарын хугацаанд үргэлжилж буй хувь эзэмшлийн өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээ хэрэгжихэд саадгүй болж байна. "Рио Тинто" Оюутолгой төслийн 66%-ийг дангаараа эзэмшигч болох юм. 

Хоёр компани уг асуудлаар өнгөрсөн есдүгээр сард зарчмын тохиролцоонд хүрсэн талаар өмнө нь мэдээлж байсан. 

Тодруулбал, "Туркойз Хилл Ресурс”-ийн  ТУЗ-аас байгуулсан Тусгай хорооны гишүүд Риогийн саналыг дэмжсэн. Улмаар  жижиг хувьцаа эзэмшигчдийнх нь  66.67 хувь нь дэмжвэл, бүрэн баталгаажих байсан. Тэгвэл  энэ сарын 9-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн олонх "Рио Тинто"-гийн саналыг зөвшөөрлөө. "Рио Тинто" нэгж хувьцааг 43 канад доллароор худалдан авах юм.

Сануулахад, "Рио Тинто" 10 жилийн өмнө "Туркойз Хилл Ресурс”-ийн  51 хувийг нь худалдан авч байсан бөгөөд өдгөө  үлдсэн 49 хувийг гүйцээн  худалдаж авснаар Оюутолгой төслийн 66%-ийг дангаараа эзэмшигч болох юм. "Туркойз Хилл Ресурс" хаалттай компани болж, "Рио Тинто"-гийн охин компани болно. 

Дашрамд, 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Оюутолгой төслийг хэрэгжүүлэх эрх мэдлийн хуваарилалт хэрхэн явагдсаныг   тодотгоё.

Оюутолгой төслийг Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани өөрийн менежментийн дагуу удирдах бүрэн эрхтэй болсон тухай мэдээлэл   2012 оны эхээр тодорхой болж байв.

Тодруулбал, Айвенхоу Майнз компани 15.1 сая ширхэг хувьцаагаа "Рио Тинто"-д худалдсан юм.

"Рио Тинто"   Оюутолгой төслийг удирдах нь тодорхой болсны араас буюу 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр "Засгийн газрын хуралдаанаар "Рио Тинто” компани нь "Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа гэх  мэдээлэл гарч байв.

Уг нь Оюутолгой төслийн хүрээн дэх  Хувь нийлүүлэгчдийн гэрээнд  "Менежментийн баг нь Айвенхоугийн нэгдмэл сонирхолтой этгээдэд менежментийн чиг үүргээ хэсэгчлэн шилжүүлэх эсхүл туслан гүйцэтгүүлэх замаар шилжүүлж болно. Энэ тохиолдолд менежментийн хөлсний шилжүүлсэн эсхүл туслан гүйцэтгүүлсэн менежментийн үүрэгт ногдох хэсгийг (менежментийн багийн тодорхойлсноор) Компани нь тухайн нэгдмэл сонирхолтой этгээдэд шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. 

Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тохиролцсон зүйлүүд дотор Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрснийг; харгалзсан гэх өгүүлбэр байдаг. Эдгээр нь төслийн шууд удирдлагын эрх мэдлийг хамаа замбараагүй шилжүүлж болно гэсэн агуулгаар ойлгогддоггүй талаар өмнө нь бичиж байв.

Тухайн үед Айвенхоу Майнз нь  Оюутолгой дахь менежментийн эрхээ шилжүүлсэн ч, хүртэх ашиг нь ихээхэн өндөр байх хэвээрээ гэж зарим эдийн засагчид хэлж байсан юм.

Манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ivahnoe Mines Mongolia Inc LLC, Ivahnoe Mines Ltd, болон Rio Tinto International Holdings Limited компаниудтай байгуулсан. "Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г Оюутолгой ХХК (хуучнаар Ivahnoe Mines Mongolia Inc LLC), Ivanhoe Oyu Tolgoi (BVI) Ltd., Oyu Tolgoi Netherlands B.V. болон Эрдэнэс МГЛ ХХК-ийн хооронд байгуулсан байдаг.

Харин  Канад улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз ХХК нь өөрийн Их Британий Виржиний Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан "Давхар татварын гэрээ”-ний зохицуулалтаар  Монгол Улсад татвар төлөхгүйгээр Оюу Толгой ХХК-иас ногдол ашиг авах боломжтой гэж байв.

Өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг эргэн харахад, Оюутолгой төслийн эдийн засаг дахь нөлөөлөл их байсан. Гэхдээ төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто"-той холбоотой  хариуцлага, хяналтын асуудлууд ч бий. Далд уурхайн зардал хэтрэлт, хугацаа хойшилсон болон татварын асуудлууд гээд "Рио Тинто"-той менежментийг хэрэгжүүлэгчийнх нь хувиар уг үндсээр нь эцэслэн шийдээгүй асуудлууд 34%-ийг эзэмшигч Монголын Засгийн газарт бий. 

“Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Монголын Засгийн газрыг хариуцагчаар татан  эхэлж байсан Лондоны Олон улсын арбитр дахь татварын маргааныг ямар ч байсан   2023 оны наймдугаар сар хүртэл түдгэлзүүлээд байгаа. 

2020 онд “Оюу Толгой” компани  Монголын Засгийн газрыг татварын асуудлаар  хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Лондоны Олон улсын арбитрын шүүхэд гаргасан бол Засгийн газрын зүгээс 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр уг  нэхэмжлэлийн  хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг  гаргасан юм. Харин “Рио Тинто”-гийн зүгээс 2021 оны наймдугаар сард Монголын Засгийн газарт хандан, Лондоны арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ  царцааж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан билээ. Мөн талуудын хэлэлцээний явцад буюу өнгөрсөн оны сүүлчээр ч айлын тал Арбитрын маргаанд 6 сарын хугацаатай завсарлага авах санал гаргаж байсан.

Тэгвэл Монголын Засгийн газар айлын талын саналыг хүлээн авснаар, ирэх оны наймдугаар сар хүртэлх хугацаанд арбитр дээр татварын маргаан түдгэлзээд байгаа юм. Цаашид Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлууд дээр "Рио" 66%-ийг эзэмшигчийн хувиар Монголын ЗГ-тай хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochim(202.126.88.87) 2022 оны 12 сарын 18

Mariin bodoj hiisen biznes

0  |  0
зочин(103.229.121.138) 2022 оны 12 сарын 18

Оюутолгойн 66%ийг ашиглагч гэж нэрлэвэл тохирно эзэмшигч биш!!

3  |  0
зочин(66.181.182.184) 2022 оны 12 сарын 18

татварын маргаан биз дээ юу гарч байгаа нь мэдэгдэхгүй алт зэс мөнгө гээд тэгээд банкуудаар дамжуулахгүй хамаг эрдэнэс авчихаад татварын тавьсан өрийг оюу толгой төлөх л хэрэгтэй биз дээ мэдлэг муутай монголын ард түмнээр тоглохгүй шүү

3  |  0
Top