"Төсвийн зардлыг огцом нэмж батласан нь мөнгөний бодлого чангарах шаардлагыг бий болгосон"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Сүүлийн саруудад хилийн боомтуудын нөхцөл байдал сайжирч, нүүрсний экспорт нэмэгдсэн хэдий ч төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөж чадахааргүй байгааг Төв банкны ерөнхийлөгч хэлж байна. Төлбөрийн тэнцэл эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. 

Бодлогын шаардлагатай тохиргоог хийж, валютын орох урсгалыг дорвитой нэмэгдүүлэхгүй тохиолдолд төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх эрсдэлтэй байгаа нь гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах зорилгоор мөнгөний бодлогын тохиргоог үргэлжлүүлэх шаардлага хэвээр байгааг харуулж байна. Түүнчлэн, төсвийн зардал огцом нэмэгдэж батлагдсан нь импортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ мөнгөний бодлого чангарах шаардлагыг бий болгосон гэв.

Үүний дээр гадаад суурь хүү өсөж байгаа нь дотоод хүүг нэмэгдүүлж, төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна. Мөн үүний зэрэгцээ, хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн жилд нэмэгдэж, цаашид цалингийн өсөлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байгаа нь өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх, хэрэглээний импортыг урамшуулах, цаашлаад төлбөрийн тэнцлийг улам муутгах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top