$100 саяын зээлийн хөтөлбөрийг заавал соёрхон батлах шаардлагатай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтран “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

100 сая ам.доллартай тэнцэх тус хөтөлбөрийн зээлийг авч ашиглахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай зээлийн хэлэлцээрийг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдөр хийж, тус хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллартай тэнцэх зээл олгох асуудлыг тус банкны захирлуудын зөвлөл 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр баталсан. 

Тэгвэл Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр буюу  Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ.

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр) нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай олон улсын гэрээ болох тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай болохыг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд Монгол Улс, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан.

Уг хуулийн төслийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар байхгүй бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт учраад буй сөрөг шокийн үед нийт хүн ам, тэр дундаа эмзэг, ядуу иргэдийн өртөмтгий байдал, Монгол Улсын эдийн засагт үүсээд буй инфляц, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжпэг үзүүлэх бөгөөд цаашид тус хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн хөрөнгө нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх болон төсвийн тусгай шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой юм гэж Сангийн яамнаас тодотгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top