1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолж, ₮45.2 их наядын орлого олжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг  (2022.12.21) зохион байгуулсан.

Ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт болон нүүрсний салбараас төвлөрүүлсэн төсвийн орлого, нүүрсний үнийн зөрүүний талаарх мэдээлэл”-ийг танилцууллаа.

Монгол Улс 1995 оноос хойш нийтдээ 336 сая тонн нүүрс экспортолжээ. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувийг нь 2011 оноос өдийг хүртэл экспортолсон гэдэг тоон мэдээллийг Сангийн сайд танилцуулав.

Нийт экспортолсон нүүрсний 90 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын алт МАК”, “Тавантолгой”, “Саусгоби”, “Моэнко”, “Чинхуа МАК Нарийн сухайт”, “Хангад эксплорэйшн” зэрэг 8 компани дангаараа экспортолжээ.

336 сая тонн нүүрс экспортлоод энэ хугацаанд нийтдээ 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үүний 43.5 их наяд төгрөгийг буюу 95 хувийг нь 2011 оноос одоо өнөөдрийг хүртэлх хугацаанд олсон гэв.

Дээрх борлуулалтын орлогоос 10 их наяд төгрөгийн татвар авсан байна. Үүний 8.9 их наяд төгрөгийг татвар болгон төлсөн бол 1.7 их наяд төгрөгийг татварын өр болгон төлжээ. Нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77 компани, нүүрс экспортолдог дамжуулдаг 372 компани санхүүгийн тайлан өгдөг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.76.215) 2022 оны 12 сарын 22

shaa

0  |  0
Top