Нүүрсний экспорттой холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийн талаар Сангийн сайд мэдээлэл өглөө. Тэрбээр голлох таван төрлийн зөрчлийг онцолсон.
Нэгдүгээрт, нүүрс ашиглах, тээвэрлэхтэй холбоотой орлого нуун дарагдуулах, дутуу тайлагнаж, төлөх зэрэг зөрчил гаргадаг байна. Хоёрдугаарт, оффтэйк ба бусад гэрээгээр үндэслэлгүй үнийн хөнгөлөлт үзүүлж, хямд үнээр гэрээ хийх зэргээр төрийн өмчит аж ахуйн нэгжийг хохироох зөрчил байсныг танилцуулсан.
Мөн хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй, эсхүл хоосон гэж бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл, тоо хэмжээ зөрөх; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн нүүрсний мөргөцөг буюу 340 мянган тонн нүүрсийг зөвшөөрөлгүй авч ашиглан хохирол учруулсан; хэт өндөр, бодит бус төсөвт өртөгтэй төслүүд санхүүжүүлэх зэргээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохироох гэсэн таван бүлгээр ангилж, зөрчлүүдийг шалгаж байгааг мэдээлсэн.
Мөн тэрбээр нүүрсний аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын хяналт шалгалтын талаар мэдээлэл танилцуулав.
2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаагийн татварын шалгалт хийж, 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьжээ.
Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвартай холбоотой нийт хяналт шалгалтын талаарх мэдээллийг танилцуулав. 2018-2022 оны хооронд нийт 267 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 80 тэрбум төгрөгийн акт тавьсан бол одоо 18 аж ахуйн нэгжид шалгалт хийж байгаа гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
аудит муу байна шүү
Бид татвар төлөх хэрэгтэй юмуу???