"Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг нээлттэй хувьцаат компани болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Өнөөдөр (2022.12.26) “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит компанийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох түүхэн цанг цохилоо.

Ингэснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтийн хяналт, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой НЭЭЛТТЭЙ хувьцаат компани хэлбэрээр хөгжүүлэх юм.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 34 хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож 11,9 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэж тооцож байна.

Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож, өгөөж хүртэх сонирхолтой иргэд олон нийт, нөгөө талаас хөрөнгийн зах зээлээр дамжуулж хөрөнгө оруулалт, санхүүжилт татах сонирхолтой компани, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэнэ.

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувь буюу 6 орчим их наяд төгрөгт хүрч, үнэт цаасны данс эзэмшигчдийн тоо 2.4 сая ширхэг болсон бол нийт арилжааны дүн 1.4 их наяд төгрөгт хүрч идэвхжээд байна.

Засгийн газраас “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилт болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд, төрийн эзэмшлийн хувьцааг олон нийтэд санал болгож, төрийн хувь оролцоог бууруулж, олон нийтийн хяналтаар дамжуулан санхүүгийн сахилга баттай, үйл ажиллагааны хувьд ил тод, үр ашигтай компанийг бий болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.

Түүнчлэн парламентээс Монгол улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхүйц бодлогын шийдвэрүүдийг гаргасаар байна. Тухайлбал 2022-2023 онд багтаан нийт 25 төрийн өмчит компани болон Төрийн банкийг ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ, НЭЭЛТТЭЙ хувьцаат компани болгох УИХ-ын тогтоолыг баталж, хоёр сарын өмнө гэхэд ‘төр’ гэсэн ганцхан хувьцаа эзэмшигчтэй байсан Төрийн банкийг, нийтдээ 7,423 хувьцаа эзэмшигчтэй олон нийтийн оролцоотой банк болгосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top