Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Уг хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл нь: Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, казино төвтэй аялал жуулчлал, түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзсэн хэмээн Засгийн газар тодотгож байна.
Тэгэхээр төсвийн орлого бүрдүүлэх их ачааг цөөн нэр төрлийн түүхий эдийн экспорт болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр үүрүүлж ирсэн эрх баригчид орлогын өөр боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлсэн алхам хийж байна.
Тодотгоход, казиногийн тухай хууль манай тухайд шинэ сэдэв биш.
1999 онд буюу 23 жилийн өмнө УИХ-аар Казиногийн тухай хуулийг батлаж байсан билээ.
Тус хуульд заасанчлан тендер зарлахад Хонконгийн, Макаогийн гэхчлэн хэд хэдэн компани өрсөлдөж байсан түүхтэй. Тухайн үеийн хэвлэлүүдийн хуудаснаа Казиногийн хуулийг батласан он цаг нь Макаог Португальд 60 жилээр түрээслүүлсэн хугацаа дууссан тэр үетэй таарч байсныг онцолсон байдаг. Түүнчлэн Казиногийн гол ”нутаг”-уудын нэг Макаогийн баячууд хурааж хумьсан хөрөнгөө засаглал нь хатуу Хятадад бус харин АРДЧИЛСАН МОНГОЛ-руу авчирж дахин угаах бодлого барьж байна гэхчлэн бичиж байжээ.
Гэхдээ Казиногийн хууль 3 сарын дараа хүчингүй болсон байдаг.
Тухайн үед Ц.Нямдорж, Х.Хулан, Т.Эрдэнэбилэг нар Казиногийн хуулийг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачилж, улмаар МАХН-ын гишүүд, ардчиллын “Элсний 13” зөвшөөрсөн кноп дарснаар 3 сарын настай хууль хүчингүй болжээ. Хууль хүчингүй болсны араас казиногийн гэх хэргээр Ардчилсан холбоо эвслийн гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэн шалгаж, сүүлдээ татварын асуудлаар хариуцлага тооцсон түүхтэй.
Сүүлд буюу 2015 онд З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр Монголд Казино байгуулах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлж байв. З.Энхболдын тухайд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын дэргэд казиног байгуулах нь тохиромжтой гэж бодож байгаагаа хэлж байсан билээ.
Тэгвэл өдгөө Казино гэх ойлголтыг эдийн засгийн агуулгаар нь хүлээж авах хандлага нийгэмд харьцангуй бий болчихсон гэхэд болох юм.
Түүнчлэн засгаас өргөн бариад буй хуулийн төслийн мэдээллээс хүргэхэд:
Хуулийн зорилтод казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулахаар тусгасан.
Гэхдээ казиногийн тусгай зөвшөөрөл олгох нь мөрийтэй тоглоомыг зайнаас буюу цахимаар зохион байгуулах эрх олгохгүй бөгөөд нийгмийн дэг журмыг хамгаалах үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагааг зайнаас зохион байгуулахыг хориглохоор тусгасан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.
Тэрбээр, хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Тухайлбал казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгажээ.
Харин ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн 30 жилийн хугацаагаар Засгийн газар олгохоор, хууль тогтоомжийг мөрдөж ажилласан бол энэхүү хугацааг 10 жилээр сунгахаар тусгасан байна.
Казино эрхлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ зөрчиж, Зөвлөлөөс өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, дээрх хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохоор тусгасан. Харин дотоод мэдээллийг ашиглан хожих, албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг ноцтой зөрчилд тооцохоор зааж дээрх зөрчлийг гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгалаа. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгох эрх зүйн орчин бүрдэх бөгөөд ингэснээр аялал жуулчлалын томоохон цогцолбор бий болж, Монгол Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж, аялал жуулчлалын салбар болон түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ хөгжиж, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
МОНГОЛ ОРЖ БОЛОХГҮЙ ЮМ БОЛ ӨВӨРМОНГОЛ НАЙЗАА ОРУУЛЖ ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨӨС ТОГЛУУЛАХААС ДАА. ГЭРЭЭСЭЭ ФЭЙСЭЭР ТЭГ ИНГЭ ГЭЖ ХЭЛЭЭД Л СУУЖ БАЙХААС ЯАХАВ. ЯДАРГААТАЙ ЮМ БОЛОХ НЬ. ДАСНА ДАА.
Монгол хүн нохой хоёрыг оруулахгүй.
өөрсдийгөө мөнхөд төрт суугаад байна гэж бодож төлөвлөсөн ажил нь бол энэ казино шүү ард иргэдийн татварын мөнгийг угаах зорилготой алдаад байхгүй болгочихвол дараа нь хуулинд нь өөрчлөлт хийгээд мөнгийг засгийн газрын төсөвт суулгаад татвараа нэмчихнэ гээд луйвар хйих өөрсдөө зугаацах аргачлал хийж байгаа новшнууд даа
худлаа өөрсдийгөө зөвтгөх хэрэггүй шүү манайд энэ казино ямар ч хэрэггүй за хөгжилтэй орнуудыг казиногоор баяжиж эдийн засаг нь сайжирсан гэдгийг би лав мэдэх гүй юм байна. Хажууханд нь манайхаас 100 жилийн өндөр хөгжилтэй Япон улсыг харал даа казино гэж байхгүй ш дээ \n