Асгатыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн шийдвэр 4 дэх жилдээ дуншиж байна

2022 оны 12 сарын 28

Дөрвөн жил шахмын өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг өгч байсан билээ. 

Энэ дагуу өдгөө Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг.

Тэгвэл тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг 2019 оны нэгдүгээр сараас хойш хүлээсэн  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн "Зэс, металлын групп"-ийн дарга Х.Бадамсүрэн өчигдөр /2022.12.27/ өгсөн  мэдээлэлдээ, Асгатын ордын батлагдсан нөөц 6.4 сая тонн байна. Энэ ордыг бид цааш нь хөдөлгөх талаар санал гаргасан, удахгүй “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна гэв. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ, “1996 онд Асгатын ордын баталгаажсан нөөц нь 6.4 сая тонн, боломжит нөөц нь 22 сая тонн гэж батлуулсан байдаг. Иймд яамнаас “Эрдэнэс Монгол” ХХК-д 22 сая тонноо баталгаажуул гэсэн чиглэл өгсөн гэсэн юм. 

Тэгэхээр Асгатын ордын  нөөцийг нэмж баталгаажуулахад одоогоор анхаарч буй аж. 

Сануулахад,  өнгөрсөн гуравдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай танилцуулгыг Засгийн газрын  хуралдаанд хийж байсан. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард  Баян-Өлгий аймагт ажиллахдаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх, ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авахад,  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжсэн байдаг. Түүнчлэн Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болгосон юм.

Асгат бол хуулийн хүрээнд стратегийн орд газар.

Ашигт малтмалын орд газруудыг стратегийн гэж ялгаж, салгах нь буруу гэх байр суурийг илэрхийлэгсэд бий. Мөн нөгөө талд стратегийн ач холбогдолтой орд гэх ойлголт нь уул уурхайн салбар дахь төрийн оролцоог зохицуулах зохицуулалт гэдгийг хэлэгсэд цөөнгүй. Газрын доорх баялгийн өгөөжийг нийт олноороо хүртэх эрх Үндсэн хуулиар олгогдсон тул хоёр дахь ойлголтыг олонх илүү дэмждэг гэхэд болно. Тэгээд ч хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас 2007 онд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан байдаг.

Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэнэ гэж тодорхойлсон  байдаг.

Асгат орд өндөр уулын бүсэд, техникийн хүнд нөхцөлтэй байршилд оршдог учир ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай. Энэ бол тус орд эргэлтэд ороогүй өдийг хүрсэн үндсэн шалтгаануудын эхэнд бичигдэнэ. Үүнээс гадна ганц манайхаас хамаарахгүй том асуудал байсаар ирсэн. Ордыг ашиглах чиглэлд манайх Оросуудтай нийлэн анхаарч ирсэн баримтууд бий. Тухайлбал, Оросууд Асгат ордыг ашиглах зорилгоор Монгол, Оросын хил дээр Асгатын суурин гэж тосгоныг байгуулж байсан юм.

Тэгэхээр Асгатын мөнгийг уулнаас буулгах хүсэл сонирхол хойд хөршид байдаг байсан нь тодорхой. Асгатыг стратегийн ордуудын жагсаалтаас хасах тухай санал ОХУ-аас ирсэн талаарх мэдээлэл 10  жилийн өмнө дэгдэж байсныг сануулъя.

2016 оны сонгуультай зэрэгцэн “Эрдэнэт”-ийн 49 хувь ”Монголын зэс” корпорацийн мэдэлд очсонтой мөн л зэрэгцэн Асгатын орд Худалдаа хөгжлийн банкных боллоо гэх асуудал дэгдэж байсан билээ. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай хамт “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувь “Монголын зэс”-д очсон уу гэх асуудал анхаарал татаж байв. Учир нь  Асгат  ордын тусгай зөвшөөрөл Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд байсан юм. 

Тэгвэл Засгийн шийдвэрээр Асгатын мөнгөний орд “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд очоод дөрөв дэх онтойгоо  золгох гэж байна. Эдийн засгийн эргэлтэд орох хүртэл дахиад хэдэн ч он улирч мэдэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(192.82.71.111) 2022 оны 12 сарын 28

Аливаа ордын 34% ийг төр хариуцаж 66% ийг иргэдэд үнэгүй хувьчлах замаар баялгийн хуваарилалтыг Монгол улсын иргэддээ түлхүү хүртээж 32 жил алдагдсан боломжийг нь нөхөж олгох нь шудрага зарчимд яв цав нийцнэ.

0  |  0
Top