Хөрөнгө оруулалтын банк дунд, урт хугацааны төсөл санхүүжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүнээс 2016 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо нь 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Амартүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулах хэлбэрийг төрөлжүүлж, тодорхойлох зэрэг чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 33 саналын томьёолол бэлтгэжээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк нь дунд, урт хугацааны төсөл, хөтөлбөрийг тогтвортой санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн банк байх нь зүйтэй гэж үзсэн байна. Банкны тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулах банк болон Хөрөнгө оруулалтын банкны хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдах хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг давхардуулан эрхлэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Банкны тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн тус тусын бүрэн эрхийн хүрээнд олгох нь оновчтой гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн тус банкны хориглох үйл ажиллагааны хүрээг тодорхойлжээ. Үүнд, мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлтэй харилцах данс нээх, түүнтэй адилтгах байдлаар хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх, салбар, хараат болон охин компани байгуулах, Монгол Улсын банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахыг хориглох зохицуулалтыг төсөлд тусгахаар саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Мөн гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн 33 ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан зөвшөөрлийг холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас авах зохицуулалтыг төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цэрэнпунцаг танилцуулав.

Дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Түүнчлэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top