Б.Отгонтөгс: Огт ажил эрхлэхгүй байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байвал НДШ-ийн төлөх хувь хэмжээ өснө

2023 оны 01 сарын 02

Дэлхийн банкнаас 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр "Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ” сэдэвт шинэ тайланг танилцуулсан билээ. Тус тайланд дурдсанаар, цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх багц арга хэмжээний ачаар эдийн засгийн огцом уналтаас сэргийлж чадсан ч 2021 онд хөдөлмөр эрхлэлт тав орчим хувиар буурсан байна. Түүнчлэн манайх эмэгтэйчүүд, залуучууд, хотын оршин суугчдын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн 10 жилд бий болгосноос илүү олон, илүү сайн ажлын байруудыг шинээр бий болгох шаардлагатайг тайланд дурджээ. Иймд тус дүн шинжилгээний бага хурлын хэлэлцүүлэгт хүндэт зочноор уригдан оролцсон Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.


-Дэлхийн банкнаас Монгол Улсад “Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-ний хүрээнд иж бүрэн, нарийвчилсан цуврал судалгааг хийж танилцууллаа. Тэгвэл хөдөлмөрийн ба жендэрийн эдийн засаг, боловсролын эдийн засгийн чиглэлээр олон жил судалгаа хийж мөн энэхүү ХЗЗДШ-ний хэлэлцүүлэгт уригдаж оролцсон судлаачийн хувьд тус дүн шинжилгээний гол онцлох асуудлууд нь юу байв?

-Дэлхийн банк нь эдийн засгийн өсөлт болон хөдөлмөрийн зах зээл, гадаад худалдаа, аюулгүй байдал, пандемик (цар тахал)-ийн үр нөлөө гэсэн томоохон хэмжээний судалгааг дэлхий дахины түвшинд хийдэг байгууллага юм. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн дүн шинжилгээг хийж 2007 онд танилцуулсан байдаг. Энэхүү дүн шинжилгээнээс харахад манай улсын эдийн засгийн өсөлтийг хамгийн их боомилж, удаашруулж буй хүчин зүйл нь хөдөлмөрийн зах зээл байсан юм. Иймд хөдөлмөрийн зах зээлийг цааш нь гүнзгийрүүлж судлах ёстой юм байна хэмээх дүгнэлтэд хүрсэн. Тиймээс энэ чиглэлээр өндөр туршлагатай, дэлхийн томоохон хэмжээний судалгааг хийж байсан эрдэмтдийг урьж “Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-г хийж, ийнхүү олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанаас хэд хэдэн онцлох зөвлөмж гарсан. Эдгээрээс дурдвал нэгдүгээрт, Монгол Улсын зах зээл 2015 оноос хойш өргөжин тэлж, хөгжиж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ бол маш эмзэглэм асуудал. Яагаад гэвэл хөдөлмөрийн зах зээл нь өсөж, хөгжиж, тэлж байж хүмүүс ажилтай, орлоготой болно. Ингэснээр хүмүүсийн худалдан авалт сайжирна, мөн хадгаламжтай болох нөхцөл бүрдэнэ. Харин эдийн засгийн нэг том хэсэг болсон хөдөлмөрийн зах зээл нь стагнац (өсөлтгүй) шинжтэй, ужигдуу түвшинд тогтдог болж байна гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, эдийн засагчид хөдөлмөрийн зах зээлийг судлахдаа эрэлт болон нийлүүлэлтийн талаас нь сайтар судалсан. Ингэхэд бол эрэлтийн тал буюу хувийн болон төрийн секторын ажил олгогч нарын хувьд ямар хүндрэл, бэрхшээл байна вэ гэдгийг судалж үзсэн. Мөн эдийн засгийн хэллэгээр хөдөлмөрийн нийлүүлэлт гэж хэлдэг, энгийн ойлголтоор ажил хийдэг, ажил хийхийг хүсэж буй болон ажил хийхийг хүсэхгүй байгаа хүмүүст ямар саад, бэрхшээл тулгарч байна вэ гэдгийг судалсан юм. Эрэлт, нийлүүлэлтийн талын саад, бэрхшээлийг судалсны үндсэн дээр эдгээрийг арилгах, засах ямар эдийн засгийн бодлого хэрэгтэй вэ гэдгийг хэлж өгснөөрөө Дэлхийн банкнаас гаргасан ХЗЗДШ чухал ач холбогдолтой. Манай улсад хөдөлмөрийн эдийн засгаар нарийн судалгаа, шинжилгээ хийдэг эдийн засагч 20 гаруйхан л бий. Тэгэхээр тэр бүр эдгээр судлаачдын хийж буй судалгаа Дэлхийн банкны судалгаа шиг нэгтгэгдэж гардаггүй юм. Жишээлбэл, миний хувьд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийхдээ эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлт яагаад өсөхгүй байна вэ. Эмэгтэйчүүдийн боловсрол дээшилж буй хэр нь ажиллаж байгаа байдал нь эрэгтэйчүүдийн түвшнээс бага байдгийг би судалдаг гэсэн үг. Харин бусад судлаачдын хувьд хөдөлмөрийн эрэлт, бодит цалингийн түвшин гэх мэтээр судалдаг хүмүүс байдаг. Тэгэхээр энэхүү судалгаа нь бүх талаас нь судалж, гарч буй хязгаарлалт дээр нь ингэж шийдвэл боломжтой гэсэн зөвлөмжүүдийг гаргаснаараа онцлогтой.

-Төрийн болон хувийн сектор, албан бус ажлын байр болон олон улсын байгууллагын ажил олгогч талаас аль нь судалгаагаар хамгийн их өсөлттэй гэж гарсан бэ?

-2014 оныг хүртэл хувийн сектор хамгийн их ажил олгогч байж, өргөжиж тэлж байсан. Гэвч 2014 оноос хойш хувийн секторын ажлын байрны эрэлт буурсан. Харин хөдөө аж ахуйн салбар сайн хөгжиж, хамгийн их ажлын байр бий болгож байна. Дараагаар үйлчилгээний салбарын ажлын байр ихээр бий болж байгаа. Үүнд, тээвэрлэлт, худалдаа, арилжаа орно. Энэ нь өөр өөртөө ажлын байр бий болгогч буюу албан бус ажлын байр юм. Жишээлбэл, Нарантуул зах дээр бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулж буй хүмүүс гэх мэт. Мөн 2016 оноос хойш төрийн захиргааны ажил олгогч нар нэмэгдэж эхэлсэн. Жишээлбэл, нэг суманд Хүүхэд хөгжлийн төв байгуулагдсанаар удирдах ажилтан, мэргэжилтэн, нягтлан бодогч, үйлчлэгч, жижүүр гэх мэт ажлын байрууд шинээр бий болно. Гэхдээ энэхүү судалгаанаас өгч буй анхааруулах дохио нь хувийн сектор нь хамгийн сайн ажил олгогч болж өргөжин тэлэх ёстой байтал энэ нь хангалттай биш байна гэсэн дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш монголын хөдөлмөрийн зах зээлд өндөр цалинтай, бүтээмж өндөртэй ажлын байрууд нэмэгдэхгүй байна гэж үзсэн. Харин бага цалинтай, үйлчилгээний болон мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт ажлын байр илүүтэй нэмэгдсэн байна. Гэтэл бидний хүсдэг цалин өндөр салбар бол уул уурхайтай холбоотой ажлын байр байдаг. Гэвч уг чанартай ажлын байр өнгөрсөн хугацаанд нэмэгдээгүй байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь маш муу дохио. Манайд боловсруулах, хүнд хөнгөн үйлдвэр, барилга гэх мэт газарт ажлын байр нэмэгдвэл эдийн засаг маань тэр хэрээр хөгжинө гэсэн дохио болно.

-Тэгвэл эдийн засагт үр өгөөж багатай, чанаргүй ажлын байрууд ихээр бий болоод байх нь?

-Яг чанаргүй гэж хэлж болохгүй. Хүний хийж буй ажлыг чанаргүй ажил хийж байна гэж хэлэхгүй. Харин бага цалинтай ажил эрхэлж байгаа тул бага цалинтай ажлын байр нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр албан ёсны чанартай ажлын байр бий болохгүй болохоор хүмүүс ажил эрхлэх хэрэгцээ зайлшгүй чухал шүү дээ. Иймд албан бус ажлын байр нэмэгдсэн. 2021 оны байдлаар Монгол Улсын нийт эдийн засагт албан бус хөдөлмөр эрхлэлтийн эзлэх хувийн жин 41.2 хувь байсан. Харин ажил хийж буй нийт 1.12 сая хүнийг 100 хувь гэж үзэхэд түүний 60 хувь нь албан секторт ажиллаж байгаа.

-Тэгэхээр манайд чанартай ажлын байр бий болгохын тулд үйлдвэрүүд барих хэрэгтэй юм байна. Тэгвэл Монгол Улсын засгийн газраас энэ тал дээр ямар бодлого хэрэгжүүлбэл зохих вэ?

-Энэхүү дүн шинжилгээнд эрэлтийн тал буюу ажил олгогч нарт тулгамдаж буй саад, бэрхшээлийг тусгасан. Шинээр ажилтан авъя гэхээр боогдуулж буй хэцүү зүйл нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалт байдаг. Зөвхөн дотоодын хөрөнгө оруулалт бус гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт өндөр байсан 2008-2013 онуудад бол хувийн секторын боломжийн цалинтай, сайн ажлын байрууд нэмэгдэж, эдийн засаг маш их тэлж байсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг 2012 оны зургаадугаар сард тэр үеийн УИХ баталсан. Үүнээс хойш манай улсад ирж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт багасаж эхэлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт багасаж эхэлнэ гэдэг нь хувийн секторын ажлын байрны эрэлт буурна л гэсэн үг. Яагаад гэвэл өөрсдөө нэг компани байлаа гэж бодоход, дахиад 10 хүн цалинжуулах боломж тэр бүр байхгүй. Хоёрдугаарт, зээл санхүүгийн бодлого тогтворгүй болж эхэлсэн. Гуравдугаарт, 2020 оноос эхлэн гаднын улс орноос хамаарсан дайн, хөл хорио, хил хаах зэрэг нь эдийн засаг өсөлтгүй болоход нөлөөлсөн. Тийм учраас ямар бодлого хэрэгжүүлбэл зохих вэ гэдэгт эдийн засагчид эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй гэдэг. Дан ганц уул уурхай дээрээ хамаг анхаарлаа тавьдаг. Учир нь уул уурхай манайхыг тэжээж, экспортын 90 хувийг гаргаж, төсвийн орлогын 17 хувийг бүрдүүлж байгаа том салбар мөн. Гэтэл уул уурхайн салбар нь ажиллах хүчний нийт 5-6 хувийг л ажиллуулж чаддаг. Уул уурхайн салбар бол хөдөлмөр багтаамж муутай харин капитал багтаамж өндөр байдаг салбар юм. Харин үйлчилгээний салбар капитал багтаамж багатай, хөдөлмөр багтаамж өндөр салбар. Жишээлбэл, ресторан нээхэд уул уурхай нээхээс бага зардал гарна даа. Ресторан нээхэд барилгаа барина эсвэл түрээслээд гал тогооны хэрэгсэл бусад жижиг, сажиг зүйл авдаг. Харин уул уурхайн салбарт нэг л экскаватор, том оврын ачааны машин ямар үнэтэй байх вэ. Тиймээс уул уурхайн салбар технологиор хөдөлдөг, хүн цөөн ажилладаг учир капитал багтаамж өндөртэй байна. Тэгвэл үйлчилгээний салбарт хүмүүс олноороо ажилладаг.  Тийм учраас ирээдүйд ажлын байрыг аль болох ихэсгэхийн тулд зөвхөн уул уурхайн биш уул уурхайгаас орж ирэх орлогоо бусад салбарыг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Монгол Улс бусад улсыг бодвол харьцангуй давуу талтай. Тодруулбал, мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалан юм. Малаа ангилж, эрүүлжүүлж, төрөлжүүлээд, илүү сайжруулаад хоёр хөршдөө экспортлоход том зах зээл өмнө маань байна. ОХУ 140 гаруй сая хүнтэй, БНХАУ гэхэд нэг тэрбум илүү хүн амтай. Тэгэхээр нэг л өдрийн махны хэрэглээ нь тооцоолоод үзэхээр маш их тоо гарна. Тиймээс эдгээр эрэлттэй байгаа салбаруудаа хөгжүүлэх ёстой. Манай ноолуур гэхэд л ямар их эрэлттэй, ховор бүтээгдэхүүн билээ. Ноолуураа угааж цэвэрлээд, өнгө оруулаад цамц хийхгүй юм аа гэхэд утсыг нь үйлдвэрлэдэг болмоор байна. Үүнийг дагаад тээвэрлэлт хөгжинө. Ажлын байрууд нэмэгдэнэ. Жишээлбэл, малын эмч, малын статистик тоо судалгааг хөтөлдөг, малын махыг боловсруулдаг, махыг эрүүлжүүлдэг шинжлэх ухааны байгууллагууд, судлаач гэх мэт өндөр цалинтай ажлын байрууд нэмэгдэж болох юм.  Дэлхийн банкны судалгаа, шинжилгээнд уул уурхайн салбараараа шинжлэх ухаан, техник технологийг хөгжүүлэх хэрэгтэй гэж тусгасан. Жишээлбэл, боловсрол, шинжлэх ухаан, тоон өгөгдлийг хөгжүүлнэ. Том эдийн засагтай улс орнууд маш их тоон өгөгдлүүдийг цуглуулж байна. Тоон өгөгдлийг хадгалахад манайх ямар давуу талтай вэ гэвэл сэрүүний улиралтай. Тэдгээр тоон өгөгдлүүдийг хадгалдаг компьютер хүйтэн сэнс шиг зүйлээр үлээлгэж хадгалдаг. Харин дулаан орны хувьд маш их энерги, эрчим хүч зарцуулж байж тоон өгөгдлийг хадгалах боломжтой болдог. Алтайн нуруу дагасан Увс, Хөвсгөл, Завхан, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг аймгуудад дата хадгалдаг төвийг байгуулах хэрэгтэй. Ингэснээр гадны байгууллагууд ирж датагаа хадгалдаг болно.

Манай Улсад газар доор ховор элемент, нефтийн бүтээгдэхүүнүүд хөндөгдөөгүй өөр газруудад олон бий. Үүнийг эрэл хайгуул хийвэл ажлын байр маш ихээр нэмэгдэнэ. Жишээлбэл, геологийн, техник технологийн, багаж төхөөрөмжийн, тээврийн, хадгалалтын, судалгаа шинжилгээний гэх мэт ажлын байрууд нэмэгдэнэ. Уул уурхайгаас гадна урлаг соёлын хүртэл давуу талууд бий. Залуучууд хүүхдүүдэд хамгийн их урам зориг, итгэл найдвар, үлгэр дуурайл болж буй “Хү” хамтлаг жишээлбэл байна. Эдийн засаг гэхээр зөвхөн уул уурхайн салбар биш шүү дээ. Хүмүүсийн хоол хүнснээс гадна аз жаргалтай байлгадаг зүйл нь үзвэр үйлчилгээ юм. Миний хэлэх гээд байгаа, мөн Дэлхийн банкнаас гаргасан том дүгнэлт бол эдийн засгаа маш сайн төрөлжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон татварын сайн бодлого, дэмжлэгүүд чухал байна. Мөн хувийн секторт Засгийн газрын лиценз, зөвшөөрлөөс хамаардаггүй, уян хатан байлгах боломжийг олгох хэрэгтэй. Жишээлбэл, кино хийхэд байгаль орчин, улсын нууцыг задруулахгүй л байвал хүндрэл учруулахгүйгээр зөвшөөрөл олгодог болгох. Тэрнээс биш хөдөлмөрийн нийлүүлэлтийн талд маш их боломж байгаа. Манай залуучууд маш сайн боловсролтой болж байна. Монгол хүний сургуульд сурсан дундаж жилийг манайхтай адил хөгжилтэй орнуудтай харьцуулахад өндөр буюу 9.1 жил байгаа юм.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр эдийн засаг төрөлжихөд хувь нэмэр оруулж, түлхэц болж өгч чадаж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. “Шинэ сэргэлтийн бодлого” нь салбар бүрээр нь авч үзэж байна. Энийг цаашдаа тогтвортой сайн бодлогоор хэрэгжүүлж чадвал ажлын байр маш ихээр нэмэгдэнэ. Мөн салбар хоорондын хөгжил нэмэгдэнэ.

-Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад ажилгүйдлийн түвшин ямар хэмжээнд байна вэ?

-Манай улсын ажилгүйдлийн түвшинг бусад улсуудынхтай харьцуулахад бага буюу 7-8 хувьтай л байдаг. Гэхдээ үүнийг ажилгүй гээд бүртгүүлдэг хүмүүсийнхээр тооцдог. Гэтэл бүртгүүлдэггүй, бүртгүүлэх ёстой гэдгээ ч мэддэггүй хүмүүс байдаг. Манайд ажилгүйдэл нийт хүн амд доогуур байгаа ч гэсэн хүн амын бүлэг дээр өндөр байна. Жишээлбэл, эмэгтэйчүүд, залуучуудын бүлэг өндөр байгаа юм. Яагаад вэ гэвэл NEET гэж байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр “N” нь биш, “E” яг одоогоор сургуульд сураагүй, “E” яг одоогоор ажил хийгээгүй, “T” яг одоогоор богино хугацааны сургалтад хамрагдаагүй гэртээ зүгээр байж байгаа 15-24 насны хүмүүсийг хамруулж тооцдог дэлхийн судалгааны аргачлал улс орон бүрд тогтсон байдаг. NEET гэдгийг монголоор орчуулбал сургуульд сурахгүй, ажил хийхгүй, түр зуур англи хэлний сургалт, жолооны курст ч юм уу хамрагдахгүй байгаа зүгээр гэртээ ажилгүй, хүмүүсээр тэжээлгээд байж байгаа гэсэн үг. Тэгвэл эдгээр хүмүүс цэрэгт явсан болон оюутнаас гадна ямар ч төрлийн ажил, хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь ажилгүйдлийн түвшний 21 хувийг эзэлж байна. Энэ бол асар муу дохио. Тийм учраас залуучуудад зориулсан ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих бодлогуудыг явуулах ёстой. ХНХЯ-аас энэ талаар сургалт, үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Д.Сарангэрэл тус салбарын сайд байхдаа “Үсчний дамжаа явуулж ядуурлыг бууруулъя, улны байдлаас гаръя” гэж яриад хүмүүсийн дургүйг хүргэсэн. Тийм буруу бодлогууд одоо хэрэгжээд байна гэсэн үг. Харин үүний оронд дээрх эрхэлсэн ямар ч ажилгүй байгаа 21 хувь залуучуудыг компаниудад жуулчилж өгөөд, ажлын байран дах сургалтад хамруулах мөнгийг нь тэр компанид нь өгөх. Эсвэл НДШ-ийн эхний зургаан сарын төлөлтийг ХНХЯ-наас төлөх ч гэдэг юм уу бодлого явуулахгүй бол энэ залуучууд ажилгүй хэвээр үлдээд байна. Энэ хэвээр байвал нийгэмд хор хөнөөлтэй байгаад байна. Бусад улсад хэрэгждэг бодлого тухайн улс үндэстнийхнээ онцлогоос хамаарч өөр өөр байдаг. Тэгвэл тухайн аймаг, сумд хэрэгжих бодлогыг тухайн орон нутгийнх нь удирдлагууд л мэднэ. Тиймээс орон нутгийн засаг, захиргаатай хамтарч ажиллаж тэнд ажилгүй хэдэн хүн байгаа, ямар гарц, шийдэл хэрэгтэй эсэхийг сонсох, арга хэмжээ авдаг байх нь чухал. Хамгийн гол нь үр дүнд хүрдэг байх ёстой.

Мөн анх ажил хийж үзэж байгаа хүмүүсийг “халамжлан хүмүүжүүлэх” хэрэгтэй. Үүнээс гадна ажилд авч байгаа байгууллагууд хүний хөдөлмөрийг мөлжихгүй байх ёстой. Дадлагажуулж байгаа гээд тэр залуу хүмүүсийн урам зоригийг мохоохгүй байх нь чухал. Эмэгтэйчүүдийн хувьд биологийнхоо онцлогоос шалтгаалж хүүхэд гаргаж, гэртээ хүүхдээ асардаг байдал нь ажил эрхлэхгүй байх шалтгаануудын нэг юм. Иймд цэцэрлэгийн хангамжийг сайжруулах, залуу ээжүүдийг ажлын байран дээр гарахад нь урам зориг өгдөг, цалингүй чөлөө авдаг хоногийг нэмэгдүүлэх, хүүхэд хөхүүлэх, хөхөө саах өрөөг байгууллага бүр гаргаж, эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна.

-Ажлын байр хөдөө орон нутаг болон хот суурин газрын алинд нь хамгийн их нэмэгдэж, төвлөрч байна вэ?

-Ажлын байр хот суурин газарт илүү нэмэгдсэн байна гэж Дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас харагдсан. Аймаг, сумын төвүүдэд ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ажил эрхлэхгүй байгаа, сонирхолгүй болсон хүмүүсийг цуглуулж ярилцах, хөдөлмөрийн нийлүүлэлт хийгдэх хэрэгтэй. Монгол Улсад татвар, НДШ төлдөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чаддаг 800 гаруй мянган хүн байгааг 1.5 саяд хүргэх шаардлагатай. Ингэснээр айл өрхийн орлого нэмэгдэнэ, худалдан авалт сайжирч эдийн засаг тэлэх юм.

-НДШ иргэдийн амьдралд хэр дарамт болж байна гэж та хардаг вэ?

-Нийгмийн даатгалын сан мөнгөгүй байгаа учраас одоо ажиллаж буй иргэдийнхээ татварыг нэмэгдүүлээд, одоо тэтгэвэр авч буй хүмүүстээ тэтгэвэр олгож байна гэсэн үг. Ингээд ч тэтгэврээ тавьж чадахгүй байгаа учраас улсаас татаас өгдөг. Энэ нь өмнөх 30 жилд явсан Нийгмийн даатгалын сангийн талаарх бодлого маш буруу, шударга бус, ил тод биш байсныг харуулж байгаа юм. Үүний бүх зардлыг одоо ажил хийж байгаа, НДШ өндөр төлдөг одоо үеийнхэн төлж байна. Тийм учраас хүмүүс НДШ, татвар, тэтгэврийн талаар ямар бодлого хэрэгжиж байна гэдгийг Монголын иргэд, залуу, хөгшин ч бай, эрэгтэй, эмэгтэй ч бай маш сайн анхаарч, оролцдог байх хэрэгтэй. Өөрсдийн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулж өндөр татвар төлөхийг хүсэхгүй байна гэдгээ хэлж, бодлогод засаж, сайжруулах зүйл байвал хэлж л байхгүй бол НДШ нэмэгдэнэ. Одоо улам л хэцүү болно. Энгийн жишээ хэлье л дээ. Монгол Улсад хүн амын өсөлт 1.8 хувь болж буурч байгаа. Гэтэл 60-аас дээш насны хүмүүсийн өсөлт нь нэг жилд 8 хувь байна. Тэгэхээр тэтгэвэр авдаг хүмүүсийн тоо нэмэгдэхээр НДШ төлж буй хүмүүс өндөр татвар төлнө л гэсэн үг. Бүүр цаашлаад хүн амын өсөлт буураад байвал бид нар тэтгэвэрт гарахаар яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Иймд Дэлхийн банк “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-г хийж, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаж өгсөн юм.

Л.ХОНГОРЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.63.66) 2023 оны 01 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.66) 2023 оны 01 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зоя(202.179.15.3) 2023 оны 01 сарын 02

юм болгон төрөөс хамааралтай биш шүү дээ ажил хийвэл ам тослоно ажилаас их юм байхгүй байгаа хийе гэсэн сэтгэлтэй хүнд

0  |  0
Зоя(202.179.15.3) 2023 оны 01 сарын 02

Өөрсдөө залхуу хөдөлмөр хийвэл ямар ч айлд ядуурал байхгүй шүү дээ

0  |  0
!!!!(49.0.137.164) 2023 оны 01 сарын 02

Humuusee ajiltai toroltei bolgoh talaar Ajil HII !

0  |  0
Иргэн(139.5.219.62) 2023 оны 01 сарын 02

Маш зөв юм хөндөж ярьжээ.

0  |  0
Zochin(66.181.161.29) 2023 оны 01 сарын 02

Niigmiin daatglaa bolichoj,terniboligtoi tetveriin mngo bolohgui zz

0  |  0
Zochin(66.181.161.29) 2023 оны 01 сарын 03

Iim avgaichud uls for,niigem geed buh salbart soliorch bhd ups hogjihgui,BA”s medlegguishtei

0  |  2
zochin(203.23.199.221) 2023 оны 01 сарын 02

ene abgai medemxiij dandaa soliorcn baix umaa

0  |  1
Top