Монголбанк МЭДЭГДЭЛ гаргалаа

2023 оны 01 сарын 03

Сүүлийн үед иргэн С.Урансувдмаа нь нийгмийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монголбанк нэр бүхий арилжааны банктай хамтран өөрийнх нь эзэмшил бүхий үл хөдлөх хөрөнгийг залилж, олон жилийн турш хохироосон мэтээр илтэд буруу ташаа мэдээ, мэдээллийг удаа дараа түгээх боллоо.

Иргэн С.Урансувдмаагийн өргөдөл гомдолд дурдагдсан асуудал нь Голомт банк болон иргэний хооронд байгуулсан иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн гэрээтэй холбоотой маргаан байх тул Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага, банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй” гэж заасны дагуу энэ хэрэгт Монголбанк оролцон шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй. Гэвч тухайн иргэний гаргасан өргөдөл, гомдолд Монголбанкнаас хүндэтгэлтэй хандаж, хуулийн хугацаанд багтаан тухай бүрд нь хариу өгч байсны дээр холбогдох газар, нэгжийн удирдлагууд ч удаа дараа биечлэн уулзаж, тайлбар мэдээллийг өгч байсан болно. Мөн дээрх иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд Монголбанк огт оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

С.Урансувдмаатай холбогдох иргэний маргаан нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 770 дугаартай шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн магадлалаар тус тус эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар болон шүүхээс гаргасан шийдвэрт Монголбанкнаас нөлөөлөх боломжгүй гэдгийг албан ёсоор дахин мэдэгдэж байна.

 

МОНГОЛБАНК

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top