Ипотекийн хөтөлбөрийг энэ оны эхний хагаст багтаан ЗГ-т шилжүүлнэ гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

2022 оны эцсийн байдлаар орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.9 их наяд төгрөгийн зээлийг 112.1 мянган өрхөд олгоод буй аж. 

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас 2023 оны эхний хагаст багтаан Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж  Монголбанкнаас мэдээллээ. 

Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)

Өнгөрсөн 2022 оны эцсийн байдлаар нийт 732.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгожээ. 

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна. Дээрх зээлдэгчид 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2022 оныг дуустал нийт 978.4 орчим тэрбум төгрөг (418.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 559.5 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Ипотекийн хөтөлбөр “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байгаа гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top