Төр, хувийн хэвшлийн түншлэл уул уурхай, батлан хамгаалах, банк санхүүгийн салбарт хэрэгжихгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны дөрөвүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, баталсан юм. Хууль 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. 

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг уг хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэл нь улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн чиг үүргийг хувийн хэвшлээр урт хугацааны турш гэрээний үндсэн дээр харилцан ашигтай нөхцөлөөр гүйцэтгүүлэх тухай ойлголт. Түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах эрх зүйн орчин төдийгүй түншлэлийн гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг энэ хуульд тусгасан. Хуулийн гол агуулга нь санхүүжилтийн эх үүсвэрийг хувийн хэвшил гаргаж, хөрөнгө оруулалт, ашгаа буцаагаад улсын төсвөөс удаан хугацаанд авах, хэрэглэгчээс авах гэсэн зохицуулалтыг тайлбарлаж, мэдээлэл өгөв. Төр, хувийн хэвшлийн түншлэл уул уурхай, батлан хамгаалах, банк санхүүгийн салбар гэсэн гурван салбарт яагаад хэрэгжихгүй вэ гэдгийг мөн тайлбарласан юм.  

Хуульд түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтууд, мөн түншлэлийн төслийн төрөл, түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхой болгож, түншлэлээр төслүүд хэрэгжүүлснээр барилга байгууламжийн ашиглах хугацааны зардлыг бууруулах, тухайн салбарт шинэчлэл, инновацийг нэвтрүүлэх, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах боломжийг дэмжих, улсын төсөв хязгаарлагдмал тул өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, төрийн үйлчилгээг сайжруулахад төр, хувийн түншлэл нь санхүүгийн нэг арга хэрэгсэл болох, судалгаа, шинжилгээний үндсэн дээр нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг бүхий төр,  хувийн хэвшийн төслийг сонгодог боломж бүрдэх ба төсөвт учруулах эрсдэлийг тооцож, төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй удирдах нөхцөл бүрдэх, “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох зэрэг зохицуулалтуудыг тусгажээ. 

Төр, хувийн хэвшлийн гэрээний зүйл нь нисэх буудал, төмөр зам, барилга байгууламж, дэд бүтцийн байгууламжууд, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын объектууд зэрэг гол төлөв нийтийн шинж чанартай объект байх бөгөөд түншлэлийг  хөгжүүлснээр төр өөрийн чиг үүрэг, хариуцлагыг хувийн хэвшлээр дамжуулан хэрэгжүүлэх, төрийн өмч хөрөнгийг илүү үр ашигтай зарцуулах, төрийн үйлчилгээг бага зардлаар чанартай хүргэх боломж гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top