“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд “Баялгийн сан: Шударга хүртээмжтэй хуваарилалт” сэдэвт салбар хуралдаан боллоо.
Хэлэлцүүлгийг чиглүүлэгчид үндэсний баялгийн сангийн бодлого, засаглал, эрх зүйн орчин болон баялгийн сан байгуулсан бусад орны сайн туршлагын талаар хөндөж, хуралдаанд оролцогчдод товч мэдээлэл хүргэсэн.
Салбар хуралдаанд оролцогч эрдэмтэн, судлаачид баялгийн сангийн засаглал, менежментийг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглалтын бодлого, эрх зүйн орчинг сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний баялгийн санг хэрхэн олон нийтэд тэгш, хүртээмжтэй хуваарилах талаар тодорхой саналуудыг хэлэв.
Мөн баялгийн сангийн талаарх үзэл баримтлалаа нэгтгэж үндэсний зөвшилцөлд хүрэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан баялгийн сангийн талаарх заалтын хэрэгжилтийг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг яаралтай боловсруулж, хэлэлцүүлэн батлах, эрдэс баялгийн сан, улсын төсөв хоорондын ялгааг холбогдох хуулиудад тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Түүнчлэн иргэдэд баялгийн сангаас хүртээх цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, сургалтын төлбөр зэрэг халамжийн шинжтэй асуудлыг тодорхой хугацаатайгаар банкаар дамжуулж хадгаламж хэлбэрээр олгох зохицуулалт байдгийг санал болгож байлаа.
Сэтгэгдэл ( 0 )