10 сард төлөх $500 саяын "Евро" бондын төлбөрт зориулж $50 саяыг хадгалжээ 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Хөгжлийн банк "Самурай" бондын төлөлтөөс өмнө ирэх аравдугаар сарын 23-нд Евро бондын  500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөгийн төлбөр төлөх ёстой талаар сануулан мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Хөгжлийн банкны эрсдлийн бодлогын газрын захирал З.Батырбек "Хөгжлийн банкны 2023 оны хамгийн том зорилт бол 500 сая долларын Евро бондын үлдэгдэл 450 сая долларыг бүрдүүлэх" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Одоогийн байдлаар 16 зээлдэгч зээлээ бүрэн төлж, нийт их наяд 85 тэрбум төгрөг эргэн төлөгдлөө. Шинэ он гарахын өмнөхөн ТОСК-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр 185 гаруй тэрбум, "Нью яармаг хаусинг прожект"-ын 85 тэрбум төгрөг төлөгдөж хаагдсан. Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгөөр, бондоор, хөрөнгөөр гэж төлүүлж байна. Энэ бүхэн нийлээд их наяд 85 тэрбум төгрөг болж буй юм.  

Хөгжлийн банк 2023 онд 500 сая долларын Евро бонд, 30 тэрбум иенийн Самурай бондыг төлнө. Чанаргүй зээлийн эргэн төлөлтөөр уг хоёр бондыг төлөх юм. Одоо цугласан их наяд гаруй төгрөгөөр Самурай бондын 30 тэрбум иенийг худалдан авч, тусгай дансанд байршуулсан. Өөрөөр хэлбэл, иенийн ханш бага байх үед худалдан авсан, одоо Самурай бондыг төлөхөд асуудалгүй. Мөн үлдэгдэл мөнгөөр 50 сая доллар худалдан авсан, доллар хэлбэрээр хадгалж байна. Үүнийг Евро бондын төлөлтөд зарцуулах юм. Хөгжлийн банкны 2023 оны хамгийн том зорилт бол 500 сая долларын Евро бондын үлдэгдэл 450 сая долларыг бүрдүүлэх. Ингэхдээ эргэн төлөлтийг нэмэгдүүлэх замаар бүрдүүлнэ" гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.64.71) 2023 оны 01 сарын 10

Сахилга хариуцлагаа чангатга бид эх оронтой өргүй амьдрмаар байна

0  |  0
Зангараг(192.82.71.111) 2023 оны 01 сарын 10

Хөгжлийн хөрөнгөнд хариуцлагагүй хандсан хүмүүсээр төлүүл, асуудал байхгүй.

0  |  0
1(103.212.118.83) 2023 оны 01 сарын 09

Хүүк жонхуугийн карманы л мөнгө

0  |  0
Top