Гаалийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр 2022 оны эхний 12 сард Монгол Улс экспортод 12540.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.7 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад валютын төлбөртэй экспорт 3286.8 сая ам.доллараар буюу 35.8 хувиар өсчээ.
2022 оны эхний 12 сарын эрдэс бүтээгдэхүүний экспортын 82.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна. 2021 оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 15998.0 мян.тонноор, үнийн дүн нь 3736.5 сая ам.доллараар, хилийн дундаж үнэ нь 29.1 ам.доллараар тус тус өсчээ. 2022 оны эхний 12 сард чулуун нүүрсний 92.4 хувийг БНХАУ руу гаргасан байна.
2021 оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын экспорт 170.8 мянган тонноор өсч, үнийн дүн нь 165.0 сая ам.доллараар, хилийн дундаж үнэ нь 379.2 ам.доллараар тус тус буурчээ. 2022 оны эхний 12 сард зэсийн баяжмалыг 100.0 хувь БНХАУ-д гаргасан байна.
2022 оны эхний 12 сард молибдены баяжмалын экспортын тоо хэмжээ 885.5 тонноор буурч, үнийн дүн нь 4.8 сая.ам.доллараар өссөн байна. Хилийн дундаж үнэ 11228.7 ам.доллараас 13520.6 ам.доллар хүртэл өсчээ. Молибдены баяжмалын экспортын 89.8 хувийг БНХАУ-д, 10.2 хувийг БНСУ-д тус тус гаргасан байна.
2022 оны эхний 12 сард хайлуур жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 256.5 мянган тонноор, үнийн дүн нь 33.5 сая ам.доллараар тус тус буурчээ. 2021 оны мөн үед 1 тонн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 223.4 ам.доллар байсан бол 2022 оны эхний 12 сард 285.0 ам.доллар болон өсчээ. Хайлуур жоншны 42.4 хувийг ОХУ, 57.5 хувийг БНХАУ-д гаргасан байна.
2022 оны эхний 12 сард боловсруулаагүй нефтийн экспорт 2605.7 мянган баррель буюу 241.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1743.2 мянган баррелиар, үнийн дүнгээр 31.5 сая ам.доллараар тус тус буурсан байна. 1 баррель нефтийн дундаж үнэ 62.9 ам.доллараас 92.8 ам.доллар болж өсчээ.
Төмрийн хүдрийн экспорт 4732.2 сая тоннд хүрч, 2021 оны дүнгээс 2374.0 сая тонноор буурсан байна. Экспортын дундаж үнэ 82.6 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 51.4 ам.доллараар буурчээ. Төмрийн хүдрийг 100.0 хувь БНХАУ-д экспортлосон байна.
Сэтгэгдэл ( 0 )