Татварын алба 2023 онд ХИЙМЭЛ ОЮУН УХААН ашиглана

2023 оны 01 сарын 11

Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр /2023.01.10/ төрийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцтай танилцах, эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Татварын ерөнхий газарт ажиллаж удирдлагууд болон албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Монголын татварын албаны үйл ажиллагаа болон сүүлийн жилүүдэд хийгдсэн цахим шинэчлэл, цахим шилжилтийн үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг сонслоо.

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 24-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар /И-баримт/-ын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим төлбөрийн системтэй холбох чиглэлийг Засгийн газарт өгсөн тогтоол баталсан. Тус ажил зохих түвшинд ахицтай хэрэгжиж байна. Тухайлбал, сард 80 гаруй сая баримт бүртгэгдэж байгаагийн 70 сая нь иргэнээр шивэгдэж байна. Тиймээс иргэдийн хэрэглээний дийлэнхийг бүрдүүлж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах ажлууд дэс дараатай хийгдэж байна.

2022 оноос татварын албаны үүсгэсэн мэдээллийн бааз дээр суурилан Их өгөгдлийн сан үүсгэн, тус бааз дээр суурилсан машинд таниулах технологийг ашигласнаар байцаагчаас хамааралтай үйл ажиллагаанаас үе шаттайгаар ангижирч байгаа бөгөөд энэ оноос хиймэл оюун ухааныг татварын албанд ашиглаж эхлэх аж.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт салбарын хэмжээнд ямар байгаа талаар мэдээлэл авлаа.

Тус байгууллагад бусад төрийн байгууллагуудын адилаар цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдээллийн технологийн хүний нөөц, мэдээллийн системийн найдвартай дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаа бөгөөд байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top