Б.Жавхлан: Хөрөнгө оруулагчдаас $4 тэрбум бондын захиалга авлаа

2023 оны 01 сарын 11

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс гадаад зах зээлд бондын арилжааг өчигдөр зохион байгуулж, гаднын хөрөнгө оруулагчдаас 4 тэрбум ам.долларын захиалга хүлээн авсан талаар дараах мэдээллийг өнөөдөр /2023.01.11/ өглөө.


МЭДЭЭЛЭЛД:

"Бид сүүлийн хагас жилийн хугацаанд УИХ-аас гурван жилийн дунд хугацааны гадаад өрийн стратеги болон Засгийн газраас гадаад өрийн зохицуулалт хийх үүрэг өгсний дагуу зургаан сарын бэлтгэл ажил хангасан байгаа. Энэ хугацаанд тогтмол гадаадын хөрөнгө оруулагч нартай байнга харилцаж, өдөр тутам дотоод болон гадаад зах зээлийн нөхцөл байдал ямар байна вэ, Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагаанууд ямар үр дүн авчирч байна вэ, болох, болохгүй зүйл юу байна вэ гэдэг мэдээллийг өгч ажилласан.

Ингээд бид 2023 оны тавдугаар сард төлөгдөх Гэрэгэ бондын 530 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх Засгийн газрын Хуралдай бондын 600 сая ам.доллар гээд нийтдээ 1.1 тэрбум долларын өрийн зохицуулалтыг хийх зорилт тавин ажилласан.

Өнгөрсөн оны есдүгээр сард Bloomberg-ээр манай талаар таагүй мэдээ гарсан. Гадаад олон санкцид манай улс давхар өртсөний үр дүнд гадаад валютын гадагшаа урсах төлбөрүүд дээр нөөцийн хязгаарлалтууд хийж эхэлсэн. Түүнтэй уялдуулж үүнийг буруу тайлбарлаж, гадаад валютын хатуу хяналттай улс болж, дэглэмийн өөрчлөлт гарлаа гэдэг буруу ташаа мэдээлэл гарсан. Үүнээс болж хөрөнгө оруулагчдын хувьд манай гадаад зах зээл ес, аравдугаар сард шууд хаагдсан. Бондуудын өгөөж, тэр битгий хэл үндэсний аж ахуйн нэгжүүдийн гадаад бондуудын үр өгөөж нэлээд огцом өссөн. Огцом өснө гэдэг нь манайд муу, Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн өр нь найдваргүй гэсэн тоон үзүүлэлт байдаг. Тэр бол бүр 40 хувьд хүрч байсан. Ингээд манай гадаад зах зээл үндсэндээ маш хүнд, хаалттай байлаа.

Ийм үед Засгийн газраас үүрэг аваад 12 дугаар сард өрийн зохицуулалтыг хийх гэж оролдсон боловч амжилтгүй болсон. Гадаад зах зээл хаалттай, жилийн эцэст төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, төсвийн алдагдал ямар гарах нь тодорхойгүй байсан. Тиймээс бид үнэнийг хэлэхэд 12 дугаар сард бондоо гаргах гээд, зохицуулалт хийх гээд амжилтгүй болсон.

Ингээд жилийн эцсийн макро үзүүлэлтүүд сайн гарч, төсвийн алдагдал 60 орчим хувиар буурч, төв банкны валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар болсон. Төлбөрийн тэнцэл хүлээгдэж байснаар 2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна гэж байсан бол хүлээгдэж байгаагаар 1.2-1.4 тэрбум орчим доллар гарахаар байна. Гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Мөн гадаад худалдааны стратегийг гадна талдаа хөрөнгө оруулагч нарынхаа өмнө маш сахилга хариуцлагатай, нэр төртэйгөөр биелүүлж явж байгаагаа Чингис бондыг хугацаанд нь төлж байгаагаараа харуулсан. Мөн бид зээлжих зэрэглэлийг 2022 онд 3 агентлагаараа хэвээр нь хадгалж чадсан. Ийм хүнд нөхцөлд бид үүнийг хадгалж чадна гэдэг бидний хувьд маш том амжилт.

Ингээд зах зээлээд судалж байгаад өнгөрсөн 1 дэх, 2 дахь өдрийг хамгийн тохиромжтой өдрүүд гэж сонгоод олон сар бэлдэж байгаад, хөрөнгө оруулагч нарт мэдээлэл өгч ажилласны үр дүнд өмнөх шиг 14 хоног зарцуулсангүй, нэг өдөр танилцуулгаа хийж, өчигдөр /2023.01.10/ арилжаагаа хийлээ. Бидний зорилтод хэмжээ 650 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, 11-12 хувийн хүүтэй байх болов уу гэсэн зорилготой орсон.

Ингээд өчигдөр /2023.01.10/ бүтэн өдрийн турш арилжаа өглөө 8 цагаас хийгдэж, үүрээр 4 цагт хаасан. Бидний гаргасан 650 сая ам.долларын бондын хэмжээн дээр 138 хөрөнгө оруулагчаас нийтдээ 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Ингэсний үр дүнд хүүг 8.65 болгон буулгаж чадсан. Энэ бол маш том амжилт.

АНУ-ын Төв банкны хүү нэг байхад “Гэрэгэ” бондыг 5.7%, “Хуралдай” бондыг 8.75%-аар гаргаж байсан. Харин өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадлаа.

Энэ удаагийн гадаад өрийн зохицуулалтын нэг том онцлог гэвэл манай дотоодын банкууд эдийн засгийн тэлэлтээ дагаад хариуцлага болон зах зээлийн багтаамж нь сайжирч том болсон байна. Үндсэндээ гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкууд эзэмшиж байдаг. Энэ ч эрчээрээ энэ удаагийн гадаад өрийн арилжааг банкууд маань маш сайн дэмжиж оролцсон" гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top