Ажил олгогчид 3 жилд нэг удаа 15%-иар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

УИХ-аар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, дэмжсэн талаар мэдээлсэн билээ. 

Тэгвэл багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд тусгасан заалтуудаас хүргэе.

Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөдрийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалжээ.

Харин бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног болгож нэмэгдүүлжээ.

Нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг одоо мөрдөж буй хуульд адил хугацаагаар бодохоор заасныг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгохоор тусгажээ.

Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэн, даатгуулагчийг ажилгүй болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байранд нь тогтвор, суурьшилтай, урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэхээр заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас сул зогссон хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд шимтгэлээс чөлөөлөхөөр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар, тэтгэвэр авагчдын протез, ортопедын үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон сангаас хариуцаж байсныг гурван жил тутамд 100 хувиар хариуцахаар тусгасан байна. 

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 10 хувиар тооцон үзүүлдэг байсныг 15 хувь болгон нэмэгдүүлсэн, даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох боломжийг бүрдүүлсэн гэж салбарын сайд танилцуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top