Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдрөөс /2023.01.16/ эхлэн энэ сарын 20-ныг хүртэл тав хоног үргэлжлэн зохион байгуулагдана.
Сануулахад, Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 29-нд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байсан.
Түүнчлэн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн зүгээс мэдээлэл өгч байв. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр гишүүний өгсөн мэдээллээс хүргэхэд, тус банк нь 2012-2016 онд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосноос 1.4 их наяд төгрөг нь чанаргүй зээл, 180 тэрбум төгрөг нь чанартай зээл нь байсан аж. Тодруулбал, Б.Батжаргал, Б.Батбаяр, Ким Жан Жин нарыг захирлаар ажиллаж байх үед Хөтөл, ТОСК зэрэгт аж ахуйн нэгжид зээл олгосон бол Б.Шинэбаатар, Ж.Мөнхбат нарыг удирдлагаар ажиллаж байх үед буюу 2016 онд Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК Цемент, Монполимет зэрэг аж ахуйн нэгжүүдэд, Б.Даажамба, М.Баярмагнай, Б.Батбаяр нарыг удирдлагаар ажиллаж байх үед НВЦ, Монгол драй милк зэрэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон байдаг байна.
Харин 2017-2021 онд 1.6 их наяд төгрөгийн 56 зээл олгосноос 544,0 тэрбум нь төгрөгийн зээл нь чанаргүй ангилалд шилжжээ.
Г.Амартүвшин тус банкийг удирдаж байх үед 6 зээл, Н.Мөнхсүхийг удирдаж байх үед хоёр зээл олгосон бол одоогийн удирдлагын багийн үед зээл олгох шийдвэр гараагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )