Н.Алтанхуяг: Би нэг ч төгрөгийн зээл өгүүлээгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сонсголд хянан шалгах түр хорооноос томилогдсон хоёр хянан шалгагч, зургаан шинжээч, хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг дөрвөн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. 


 

Б.Мөнхтөрийг 1.5 сая ам.доллар хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэв

 

Сонсголын эхэнд “Бэрэн групп”-ийн 38.8 сая ам.долларын зээлийн зарцуулалтын талаар шинжлэн судалсан. Зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад “Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн, зээл нэмж олгосон талаар шинжээч танилцуулсан. Мөн нийтдээ 4.4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан талаар мэдээлсэн юм.

Шинжээч цааш нь хэлэхдээ “Бэрэн групп”-ыг “2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 93.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 50.7 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.3 тэрбум төгрөг буюу нийт 147.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Хөгжлийн банк, Монголбанкны актив ангилах журмын дагуу чанаргүй ангилалд шилжжээ” гэв. Мөн “Өнөөдрийн байдлаар зээлийн тодорхой хэсгийг зориулалтын бусаар ашигласан байна гэсэн дүгнэлт гарсан. Нийт олгосон санхүүжилтийн 4.4  сая ам.долларыг тодорхой бусаар зарцуулсан гэж үзлээ.

32 удаагийн үйлдлээр 1.2 сая ам.долларыг бэлэн мөнгөөр гаргаж авсан, 28 удаагийн гүйлгээгээр 3.1 сая ам.долларыг хамаарал бүхий компаниуд руу шилжүүлж ямар зориулалтаар ашигласан нь тодорхой бус байлаа.

Нотлогдсон байдлаар үзэх юм бол банк хооронд шилжүүлсэн хуулгыг данс хөөж шалгахад нийт 7.2 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн бөгөөд нийт нотлогдсон дүнгээр хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн данс руу 1.5 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хамаарал бүхий этгээд болох “Нэхээсгүй эдлэл”, “Атар өргөө”, “Бэрэн трейд” болон бусад хамаарал бүхий этгээдийн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 37 удаагийн гүйлгээгээр 5.7 сая ам.долларыг зарцуулсан гэсэн нотлох баримт бүрдлээ. Мөн бэлэн мөнгөний 1.2 сая ам.доллар болон нийт 4.4 сая ам.долларын нотлогдсон байдал илрээгүй байна. 7.2 сая ам.долларын зээлийг зориулалт бусаар ашигласан гэж дүгнэлээ” гэсэн юм.

Тус сонсголд "Бэрэн групп" ХХК-ийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, "Бэрэн групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр нар оролцсон. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Хувь хүнийхээ хувьд би нэг ч төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг ч төгрөгийн зээл өгүүлээгүй. “Бэрэн групп”-д надад таньдаг хүн байхгүй. Ийм улаан, цайм юманд “Бэрэн групп”-д давуу тал олгосон гээд байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн асуудал биш” гэсэн хариултыг өгсөн.

Харин хурал даргалагч Б.Энхбаяр “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрөөс Хөгжлийн банкнаас зээлсэн зарим санхүүжилтийг ямар учраас өөрийн данс руу шилжүүлж авсан талаар асуухад “Арматурын үйлдвэртээ тоног төхөөрөмж авах санхүүжилтэд зарцуулсан” хэмээн хариулав. Мөн “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр "Би казино тоглодоггүй" гэж ярьсан ч Макаогийн болон Сингапурын казиногийн АТМ-ээс 2018 онд 1.5 сая ам.доллар гарган авсан талаар хурал даргалагч Б.Энхбаяр мэдэгдэв. "Бэлнээр авсан мөнгөө та өөрөө авсан уу үгүй юу гэх асуултыг хурал даргалагч тавихад "Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа тул хариулах боломжгүй" гэсэн тайлбарыг Б.Мөнхтөр өгөв. Харин "Зээл авахад туслалцаа үзүүлсэн улс төрд нөлөө бүхий этгээд бий юу" гэсэн асуултад "Гангийн үйлдвэрийг бүх хүн дэмждэг" гэж хариуллаа. Мөн тэрбээр "Би Л.Бадамжунайг танина, Архангай аймгаас сонгогдсон, улс төрд нөлөө бүхий хүн. Түүнтэй Сингапурт тааралдаж байсан” гэх мэдээллийг өгсөн юм.

 

“Зэст өндөр” ХХК 12.25 тэрбумын үлдэгдэлтэй байна

 

“Зэст өндөр” ХХК-ийн зээлтэй холбоотой танилцуулгыг дараа нь хийсэн. Танилцуулгыг хийсэн шинжээч “Тус компанийн хувьцааны 49 хувийг “Сутай Ресурс” компани, Начу компани 12.9 хувийг, иргэн Б.Ганзориг 33 хувь, иргэн Д.Тамир 2.55 хувь, иргэн Д.Тана 2.55 хувийг эзэмшиж байна.

Зээлийн гэрээний дүн 813.5 сая иен буюу 18.6 тэрбум төгрөг. Хөгжлийн банкнаас олгосон зээлээс үндсэн төлбөрт 0.002 сая иен, үндсэн хүүнд 0.6 сая иенийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 11.44 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Хүүгийн торгууль 0.8 тэрбум төгрөг, нийт 12.25 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн зарцуулалттай холбоотойгоор Хөгжлийн банкинд цахим баримт, дансны хуулгатай холбоотой цахим баримтыг үзэхэд дараах асуудлыг гаргаж ирлээ.

2019 оны наймдугаар сарын 21-ны өдөр “Заг инженеринг” компаниас 3.113 сая төгрөгийг гэрээний дагуу хадгаламж хаав гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж хадгаламж барьцаалсан зээл хаасан байна. Энэ дансны хуулга болон баримтуудаас үзэхэд зээлийн санхүүжилтээс “Заг”, “Заг инженеринг” компани үйл ажиллагааны зардалдаа 830.8 сая төгрөгийг зарцуулсан. “Заг инженеринг” компани бол зээл хаахад 3.11 тэрбум төгрөгийг зарцуулсан нь зээлийн гэрээнд заасан зээлийг ашиглах зориулалттай нийцэхгүй байна. Зээлийн гэрээгээр тусгаж, цахилгаан дамжуулахтай холбоотой дэд бүтцийн ажлыг хийгээгүй байгаа зэргээс бол нийт 9.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 3.9 тэрбум төгрөгийг зээлийн гэрээнд заасан зориулалтаас зөрчиж санхүүжүүлсэн байна” гэсэн юм.

Харин уг компанийн Санхүүгийн газрын дарга Н.Батболд “Манай гүйцэтгэх захирал н.Эрдэмжаргал 2019 оны сүүлээр ажлаасаа гарсан. Шинэ гүйцэтгэх захирал томилогдсон. Энэ зээлийн процессыг эхнээсээ өдийг хүртэл миний бие мэдэж буй учраас гэрчээр оролцож байна. н.Эрдэмжаргал уг компанитай ямар ч харилцаа холбоо байхгүй болсон. “Зэст өндөр” компанийн Сутай ресурс компани 51 хувийг “Заг девелофер” компани эзэмшдэг. Заг девелофер компанийн 90 хувийг “Заг” компани эзэмшдэг. Заг инженеринг компанитай хамаарал бүхий этгээд юм” гэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 17

xulgaich daa

0  |  0
Top