Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газраас өдөр бүр мэдээлэл хийхээр тогтсоны дагуу Пүрэв гаригийн мэдээллийг Сангийн сайд болон холбогдох албаныхан хийв.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Одоогийн байдлаар 1.095.362 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн. Энэ бол 3-4 цагийн процесс байгаа юм. Энэ нь хүүхдийн мөнгө авах нийт хүүхдийн 87 хувьд нь ямар ч саадгүй орно. Үлдэж байгаа 43.820 хүүхдийн мэдээлэл давхардсан, зөрүүтэй байдал дээр ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Статистикийн газраас нэлээд зохион байгуулалт хийж, аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр, биеэр очих шаардлагагүйгээр мэдээллүүдийг засаж, зөрүүг арилгах тал дээр хичээн ажиллаж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлийн лавлах сайт ажиллуулснаар иргэдийг хүндрүүлэхгүйгээр буюу онлайн хэлбэрээр мэдээллийг засах боломж өгч байгаа" хэмээн мэдэгдлээ.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "Хүүхдийн мөнгөний халамжтай холбоотой хамтарсан баг хороо дүүрэг, баг сум, аймагт ажиллаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар 52 мянга гаруй иргэн хүүхдийн халамжтай холбоотой мэдээллээ засуулах цахим хүсэлт ирүүлсэн бол 19 мянга гаруй иргэн өөрийн биеэр хороо, дүүрэгтээ очиж хүсэлт гаргажээ. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 17-нд 11488 иргэний мэдээллийг засаж залруулсан байна. Залруулсан мэдээллийн дагуу зарим иргэдийн данс руу хүүхдийн мөнгөн халамжийг шилжүүлсэн" гэсэн юм.
Мөн мэдээллийн үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Бид өмнө нь E-mongolia системээр цахимаар, хамгийн ойролцоо нэгж дээрээсээ улсын бүртгэлийн ажилтнаас мэдээллээ шалгадаг байсан. Нөхцөл байдалтай холбогдуулаад Улсын бүртгэлийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ гэхээр burtgel.gov.mn сайт руу орж, иргэний байнга оршин суугаа хаягийн мэдээлэл гэдэг цэс рүү хандахаар зохицуулсан. Тодруулбал, бүртгэлийн дугаар, эсвэл регистрийн дугаараа оруулж, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өөрийн хаяг дээр хэдэн хүн байгаа вэ гэдэг мэдээлэлтэй хамгийн хялбар байдлаар танилцах бололцоог олголоо.
Иргэдийн зүгээс "Над дээр олон хүүхэд байна", "Миний хүүхэд хасагдсан байна" гэдэг эргэлзээтэй, гомдолтой байдлыг илэрхийлж байгаа. Тэгвэл энэ сайт нь албан ёсны сайт учраас Улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байгаа юм бэ гэдгээ мэдэх боломжтой. Бүртгэлийн сайт дахь мэдээлэл үнэн, зөв байгаа. Өрхийн мэдээллийн санг бид нэлээд ярьсан. Өрхийн мэдээлэл гэдэг бол тухайн иргэн өөрийнхөө хүслээр би яг ийм өрхтэй гэдгээ мэдээлж байгаа асуудал юм. Тэр мэдээллийн санг Улсын бүртгэлийн мэдээллийн сантай андуурч, иргэд маань нэлээд бухимдах зүйл гарсан. Энэ сангийн хувьд нэгдүгээрт, тухайн хаяг дээр ямар иргэд байгаа вэ гэдгийг мэдээлж байгаа юм. Тэгвэл иргэд түргэн шуурхай, хурдан арга хэмжээ авах үүднээс эргээд хэрвээ таны хаяг дээр таны мэдэхгүй хүн байвал үүнийгээ улсын бүртгэлийн байгууллага руу энэ сайтаар дамжуулан, тайлбараа бичээд, утсаа бичээд мэдээлэх юм" гэсэн мэдээллийг өгөв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )