ИПОТЕК: 3%-ийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг төсөвт суулгасан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Энэ оноос орон нутагт 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл  энэ талаар арилжааны банкуудтай эцсийн байдлаар яриа хэлэлцээр хийж тохирсон уу. Энэ зээл хэзээнээс олгогдож эхлэх вэ гэхчлэн асуултуудад Төв банкнаас дараах хариултыг өгч байна. 

-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гэж байдаг. Энэхүү журамд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт ороод өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгсөн. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд 3 жилийн хугацаанд 3 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн. Энэ дагуу Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналуудыг аваад байгаа. Тиймээс энэхүү арга хэмжээ ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна.

Журмын зохицуулалттай холбогдуулан хэлэхдээ "Иргэдэд аль болох чирэгдэл багатай, ойлгомжтой байлгахыг Монголбанк, Сангийн яамнаас зорьж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого, зорилтын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдийн хувьд энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой байхаар холбогдох журам, гэрээнд тусгасан байсан. Одоогоор яг нарийвчилсан шаардлага, шалгууруудыг эцэслэн тогтоогүй байгаа тул урьдчилан хэлэх боломжгүй байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Засгийн газар, Монголбанк, Сангийн яам болон банкууд хамтраад зээлдэгчид аль болох чирэгдэл багатай байхаар шийдвэрлэхийг зорьж байгаа. Гэрээний  төсөлд тусгагдах саналуудыг холбогдох байгууллагуудаас аваад бэлэн болсон байгаа. Иймд эцсийн байдлаар Сангийн яамнаас батлах тул энэ талаар тус яамнаас тодруулах нь зөв байх" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top