“Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд аймгийн Хурц арслан Д.Төрболд түрүүллээ

2023 оны 01 сарын 24

“Талх чихэр” ХК-иас жил бүрийн сар шинийн баярын өмнө зохион байгуулдаг “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг өвлийн адаг сарын шинийн 1-ний бэлгэ ерөөлтэй өдөр амжилттай зохион байгууллаа.
 

Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааныг анх 2006 онд Монгол Улсын хүндэт засуулч Жигмэдийн Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар Монголын үндэсний бөхийн холбоо хамтран монгол бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байжээ. Тухайн үед залуу бөхчүүдээ дэмжих урамшуулах зорилгоор маш олон барилдааныг уламжлал болгон зохион байгуулж байсан ч өнгөрсөн 17 жилийн хугацаанд тасралтгүй уламжлал болон үлдсэн барилдаан нь “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг цэргийн цолтой хүчит  бөхийн барилдаан юм.  Мөн тухайн үед “АТАРЫН III АЯН”-ны хүрээнд дотоодын хэрэглээгээ, цаашлаад экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байсан бөгөөд уг аяныг дэмжих, олон нийтэд таниулах зорилгоор ийнхүү уг барилдааныг “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан болгон нэрлэсэн байдаг.

 “Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг уг барилдааны үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдээс тухайн жилээ олныг шуугиулсан уран мэх үзүүлж, улсын начингаас эхлээд аварга цол хүртсэн бөхчүүд олон бий.

Онцлон дурдвал,
 

2014 онд - Улсын аварга О.Хангай аймгийн арслан байхдаа, 

2015 онд - Улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан байхдаа,

2016 онд - Улсын заан Н.Жаргалбаяр аймгийн арслан байхдаа,

2017 онд - Улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн хурц арслан байхдаа,

2018 онд - Улсын гарьд П.Сүхбат аймгийн хурц арслан байхдаа тус тус түрүүлж, өдгөө улсын цолтой аварга хүчтингүүд болжээ. Иймээс үе үеийн аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг.
 



17 дахь удаагаа зохион байгуулсан 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Алдар спорт хороо, Хонгор нутаг дэвжээний бөх, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Архангай аймгийн Тариат сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарсан бол дунд шөвгийн наймд аймгийн арслан И.Мандах, Б.Очирхүү, Г.Ганхуяг, Л.Энхсаруул нар үлдсэн байна.

Top