ОХУ, Европын холбоо /ЕХ/ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөхцөл байдлын талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс дараах судалгаа, мэдээллийг танилцууллаа.
ОХУ-ын Украинд эхлүүлсэн цэргийн ажиллагаатай холбогдуулан ЕХ-ны гишүүн орнууд тус улстай хөгжүүлж байсан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц сулруулж, харилцааныхаа түвшнийг бууруулсан бол 2022 оны аравдугаар сарын байдлаар ЕХ-ны гишүүн орнуудын тал орчим нь ОХУ-тай худалдаагаа сэргээж, зарим улс орнууд Украин дахь тусгай ажиллагааны өмнөх түвшинд хүрсэн байна.
Тухайлбал Словени Улс ОХУ-аас нийлүүлж байсан импортын барааны хэмжээгээ сэргээж, хоёр дахин нэмэгдүүлжээ. Испани, Швед, Бельги, Польш улсууд ОХУ-аас авах импортын хэмжээг 19-69 хүртэлх хувиар сэргээсэн. Мөн Болгар, Дани, Латви, Мальта, Румын, Словак, Хорват болон Эстони улсууд ОХУ-аас авах импортоо сэргээжээ.
ЕХ-ны орнууд дотроос Герман Улс 2022 оны зургадугаар сарын байдлаар ОХУ-аас хамгийн их буюу 3,5 тэрбум ам.долларын хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн импортолсон бол Итали /2,6 тэрбум/, Нидерланд /1,7 тэрбум/, Бельги /1,3 тэрбум/, Франц /1,2 тэрбум/ улсууд удаах байрыг эзэлжээ.
ОХУ болон ЕХ-ны худалдааны хэмжээ 2022 оны эхний хагас жилийн байдлаар 171.4 тэрбум еврогийн үзүүлэлттэй байж, өнгөрсөн оны мөн үеэс 30.1 хувиар өссөн байна. ОХУ-ын эсрэг үйлчилж буй хориг арга хэмжээнүүд нь тус улсын худалдааны салбарт, тухайлбал ОХУ-ын уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн зэрэг салбарыг экспорт, импортод багагүй хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсэн.
Тус улсын эдийн засгийн энэ оны төлөвийг харвал, дайны улмаас ОХУ-д үүссэн эдийн засгийн хямрал энэ оны эхэн үед оргил цэгтээ хүрч магадгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )