Цагдаагийн алба хаагчийн холбогдсон ХҮН АМИНЫ ХЭРЭГ 8 жил шалгагджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Одоогоос найман жилийн өмнө гарсан хүн амины хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй, хууль шүүхийн шатанд гацаад байна.

Хэргийг тодруулбал, 2015 онд 16 настай Ц.Г гэх хүү хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадны нөлөөтэй байж болзошгүйгээр амь насаа алджээ.

Энэ хэрэг Өвөрхангай аймагт гарсан бөгөөд тухайн үед талийгаач хүүгийн хэргийг аймгийн цагдаагийн газрын алба хаагч, дэслэгч /тухайн үед дэслэгч цолтой байсан/ Б.Бямбасүрэн гэгч шалгаж байсан бөгөөд хэрэг мөрдөн шалгах явцдаа  хүүг зодож хөнөөсөн байж болзошгүй байдал тогтоогдож байжээ.

Улмаар эрүүгийн хэрэг нээж, шалгасан ч өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэгдээгүй  байгаа юм.

Үүний учир нь талийгаач хүүгийн цогцост хэргийн сэжигтэн Б.Бямбасүрэнгийн аав Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны дарга н.Батбаяр гэгч нь задлан шинжилгээ хийж, дүгнэлтийг өөрчилсөн байж болзошгүй байгаа аж.

Одоогоор тус хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ба хэрэг бүтэн найман жил шийдэгдэлгүй удааширсанд талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хүн амины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэх Б.Бямбасүрэн нь дээрх хэргээс гадна хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдож байсан ч одоог хүртэл цагдаагийн байгууллагад ажилласан хэвээр байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top