Зөвлөлдөх санал асуулгын эхний шат эхлэхэд бэлэн болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

"Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны санал асуулга эхлэхэд бэлэн болж, бэлтгэл ажил бүрэн хангагджээ. 

УИХ-ын тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл байгуулагдсан. Энэхүү зөвлөл нь 5 чиглэлээр санал асуулгын асуултын төслийг боловсруулсан. 

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулах, санал асуулгын үр дүнг гаргах, тайлагнах ажлыг Үндэсний Статистикийн Хороо, хорооны аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгжүүд хариуцан гүйцэтгэнэ. 

Зөвлөлдөх санал асуулгын мэдээлэл цуглуулалт хоёр үе шаттай явагдана. ҮСХ нь зөвлөлдөх санал асуулгын эхний шатны судалгааны түүврийн арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлалын дагуу боловсруулан баталж, Зөвлөлдөх зөвлөлд танилцуулж зөвшөөрөл авсан. 

Улсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий 157 нэгжийн 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамруулна. Судалгааны үр дүнгийн нарийвчлалыг хангахын тулд аймаг, дүүргийн хүн амын тоонд пропорциональ аргаар  хуваарилсан. Ингэхдээ хот хөдөөгийн тэнцвэртэй байдал, оролцоог хангах бөгөөд Зөвлөлдөх зөвлөлөөс хяналт тавина. 

Нэгдүгээр шатны /2022.01.26-2022.02.02 хүртэл/ мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Мэргэшсэн мэдээлэл цуглуулагчид сонгогдсон хүн бүрээс нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулна. 

Хоёрдугаар шатны /2022.02.13-2022.02.14 хүртэл/ мэдээлэл цуглуулалт нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ нэгдүгээр шатанд оролцсон иргэдийн 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгоно. 

Судалгааны мэдээлэл цуглуулалт: 

Судалгааны мэдээлэл цуглуулалтын үндсэн нэгж нь өрх ба өрхийг мэдээлэл цуглуулалтын журмын дагуу хараат бусаар сонгоно. Судалгаа нь өрхөд суурилсан судалгаа бөгөөд цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулахгүй. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг өрхийн гишүүнд тооцохгүй гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top