Монгол Улсад бизнесмэн байна уу!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Ерээд оноос ганзагын наймаанд явахаас манай чөлөөт зах зээлд бизнес гэх том ойлголт үүссэн. Ганзагын наймаанаас бизнесийнхээ гарааг эхлүүлж байсан Монголын тэрбумтнууд цөөнгүй бий. Харин сүүлийн үед олон тэрбум төгрөгийн луйвар, хулгай, дээрэм гарна. Тэднийг шалгана. Тэнд өнөөх л хэдэн бизнесмэн нэртэй нөхдүүдийн нэр явж байхаар Монгол Улсад бизнесмэн байдаггүй, харин бизнесмэн нэртэй дээрэмчид, хулгайч нар байдаг юм биш үү гэх сэтгэгдэл төрөх аж.

Ерээд оноос эхлээд үзэхээр хувьчлал нэрээр улсын үнэ цэнтэй үйлдвэр объектыг дээрэмдэх шахам авчихсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Женко” Х.Баттулга тэргүүтэй хэдэн нөхөд нэрлэгдэнэ. Тэд нар нь эргээд өндөр дээд суудалд заларчихаад төрөөс дээрэм хийнэ. Орд газрын асуудал шалгаад үзэхээр гадны хөрөнгө оруулагчидтай нийлээд өнөөх хэдэн бизнесмэн нь хулгай хийчихсэн.

Дархан, Хөтөлийн үйлдвэрийг хувьд авсан гэхээр нөгөө л хэдэн бизнесмэн нэртэй хулгайчид. Эртнээсээ банкны дампуурал улстөрчдийн оролцоотой хэдэн бизнесмэний хулгай байх жишээтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд Хөгжлийн банкны хэлэлцүүлэг хэд хоног өрнөлөө. Олон ч бизнесмэн нэртэнгүүд очиж байцаалт өгсөн. Тэндээс ажиглаж байхад бизнесийн жаргал зовлон яриад хууль дүрэмтэй холбож байгаа бизнесмэн нэг ч алга.

Ерөөсөө л зориудаар банк дээрэмдсэн мэт сэтгэгдэл төрүүлнө. Ямар ч барьцаа хөрөнгөгүй, тодорхой төсөл хөтөлбөргүй, зураггүйгээр их хэмжээний зээл авч байна гэдэг өөрөө залилан, дээрмийн шинжийг агуулна биз дээ. Монгол Улсын гадаад өр төдөн ам.долларт хүрлээ хэмээн зарлаж байгаагийн ар талд өнөөх л бизнесмэнүүд байна.

Монгол Улсад өрнөж байгаа энэ их хулгай, дээрэм, залилангийн зарим талд улстөрчид байгааг үгүйсгэхгүй. Гэвч бүх зүйлд бизнесмэн нэртэнгүүд холбогдож, эргээд улстөрчдийнхөө нэр нөлөөгөөр ямар ч ял зэмгүй үлдэж байгааг ч бид харж байна. Өнөөдөр бүхэл бүтэн мөргөцөг залгичхсан бизнесмэн нэртэй улстөрч байна, бүтэн төмөр замын төсөл идчихсэн бизнесмэн нэртэй улстөрч байна, орд газраар нь зарчихсан хулгайч байна, банк дампууртал идчихсэн дээрэмчин байна. Бүтээн байгуулалт нэрээр төсөв гударчихсан залилагч байна гэхээр яагаад ч бизнесмэн нэртэнгүүдэд итгэхэд бэрх болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.73.218) 2023 оны 01 сарын 26

Бүгп хулгайч дамчид

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 26

bugdxxulgaich

0  |  0
Top