Дахин ₮1 их наядын зээл төлүүлж чадахгүй бол дахин БОНД гаргах уу?

2023 оны 01 сарын 27

Хөгжлийн банк "Самурай" бондын төлбөрийг хийхээс өмнө ирэх аравдугаар сарын 23-нд Евро бондын  450  сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.4  их наяд орчим төгрөгийн төлбөр төлөх ёстой. 

Сангийн сайд Б.Жавхлан оны өмнө мэдээлэл өгөхдөө, зээлийн эргэн төлөлтөөр 500.0 сая ам.долларын Евро бондоос  хэсэгчлэн худалдан авах ажиллагааг хийхээр ажиллаж байгаа талаар мэдэгдэж байсан.

Үүний дараа Хөгжлийн банкны эрсдлийн бодлогын газрын захирал З.Батырбек "Хөгжлийн банк 2023 онд 500 сая долларын Евро бонд, 30 тэрбум иенийн Самурай бондыг төлнө. Чанаргүй зээлийн эргэн төлөлтөөр уг хоёр бондыг төлөх юм. Одоо цугласан их наяд гаруй төгрөгөөр Самурай бондын 30 тэрбум иенийг худалдан авч, тусгай дансанд байршуулсан. Өөрөөр хэлбэл, иенийн ханш бага байх үед худалдан авсан, одоо Самурай бондыг төлөхөд асуудалгүй. Мөн үлдэгдэл мөнгөөр 50 сая доллар худалдан авсан, доллар хэлбэрээр хадгалж байна. Үүнийг Евро бондын төлөлтөд зарцуулах юм. Хөгжлийн банкны 2023 оны хамгийн том зорилт бол 500 сая долларын Евро бондын үлдэгдэл 450 сая долларыг бүрдүүлэх. Ингэхдээ эргэн төлөлтийг нэмэгдүүлэх замаар бүрдүүлнэ" гэсэн мэдээллийг өгч байсан. 

Тэгвэл Хөгжлийн банк 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Евро бондоос хугацаанаас нь өмнө 51.6 сая ам.долларын бондыг хэсэгчлэн худалдан авснаар  тус  бондын төлбөрт төлөх 500 сая ам.долларын 51.6 сая ам.доллар нь хасагдаж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй боллоо хэмээн мэдэгдээд байна. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Монголын Үнэн" сонинд өгсөн ярилцлагадаа Евро бондын талаар хэлэхдээ,  уг бондын эргэн төлөлтийг хийх асуудлаар  Сангийн яаман дээр ажлын хэсэг байгуулагдан,  төлөвлөгөө гарган ажиллаж байгааг хэлээд "Саяхан Засгийн газрын бондын дахин зохицуулалтын асуудал амжилттай шийдэгдлээ. Үүний араас манай “Евро” бондын асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж харж байна" гэжээ.

Тэгэхээр Хөгжлийн банкны удирдлагын байр суурийг авч үзэхэд, зээлийн эргэн төлөлт аравдугаар сар хүртэлх хугацаанд өмнөх оны түвшинд буюу нэг их наядад хүрэхгүй байлаа гэхэд бондын дахин зохицуулалт хийх хувилбартай  байна гэж харагдаж буй юм.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.1% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 786.4 тэрбум төгрөгийн, 70.9% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл аж. 

Тус банк 2018-2022 оны хооронд нийт 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний 38 зээлийг шүүхэд өгчээ.  Үүнээс 620.9 тэрбум орчим төгрөг буюу 22 зээлийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Эдгээрээс 14 зээлийг шүүхийн анхан шатны шийдвэрээр, найман зээлийг шүүхийн ажиллагаагаар шийдвэрлүүлсэн. Сүүлийн  байдлаар 1,133.2 тэрбум төгрөгийн 16 зээлд шүүхийн хянан шалгах ажиллагаа хийгдэж байгаа мэдээллийг өгч буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top