Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг газруудын үйл ажиллагаатай танилцаж, зарим чиглэлийг өгч ажиллаж байна. Өнөөдөр (2022.01.27) Үндэсний аудитын газарт ажиллалаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газар нь хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд нэн ялангуяа төсөв, санхүүгийн чиглэлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Түүнчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан. Хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Үндэсний аудитын газар мөн чухал үүрэгтэй оролцох ёстой хэдий ч хангалтгүй ажиллаж байна гэлээ.
Төрийн өмчит компаниудад олон тооны зөрчил гарсаар байхад аудитын байгууллага тун хангалтгүй ажилласан. Тиймээс ирэх хаврын чуулганаар Үндэсний аудитын газрын тайланг нээлттэй сонсгол хэлбэрээр авч хэлэлцэнэ гэв.
Мөн Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бүх талаар Хяналт шалгалтын мэдээллийн санг бий болгох, хяналт шалгалтын ажлын хэсэг, хянан шалгах түр хороодтой хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байлаа.
Түүнчлэн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд аудитын байгууллага хэрхэн ажиллах, дотоод зохион байгуулалтыг сайжруулж, цаашид хэрхэн ажиллах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж танилцуулах хугацаатай үүрэг өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )