Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо 2021 оны Намрын тэмцээний дараа зодог тайлсан. Их аваргын зодог тайлах ёслол бямба гаригт (2023.01.28) Токио хотын "Кокүгикан" ордонд болж, 9000 зочин оролцлоо. Ёслолын дараа Их аваргын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна.
-Сүмо бөхийн амьдралтайгаа салах ёс гүйцэтгэлээ. Сэтгэгдлээ сонирхуулаач?
-Үнэхээр замнал минь өндөрлөлөө гэж бодсон. Гэхдээ бие, сэтгэлийн маань нэг хэсэг алга болчихсон юм шиг нэг тийм гунигтай мэдрэмж төрж байна.
-Хорин хэдэн жил байсан сүмо бөхийн үстэйгээ ч мөн салах ёс хийлээ...
-Хайч хүрэх тэр мөчид “Авах нь дээ”, “Эхэллээ дээ” гэсэн бодол төрсөн. Ахмад бөхчүүд, өрсөлдөгчид, залуу бөхчүүд, дэмжигчдийн нийгэмлэг гээд маш бат бэх холбоотой болохоор сэтгэлээ яаж барихаа мэдэхгүй байлаа.
-Гэр бүлийнхэндээ зориулж та юу гэж хэлэхийг хүсэж байна?
-Би ёкозүна цолны төлөө хоёр удаа барилдаад амжилт олоогүй. Гэмтэл бэртэл гээд хүнд хэцүү үед гэр бүл маань дэргэд байж, эмнэлэгт хүртэл хамт байдаг байсан. Гурав дахь удаагаа ёкозүна цолны төлөө барилдаж байх үед ууган охин минь төрж, би аварга болж чадсан. Үүнээс хойш 14 жилийн турш гэр бүл минь ар талд бат бэх дэмжлэг үзүүлж ирлээ.
Үнэхээр гайхалтай бүсгүйтэй би учирсан. Хүчтэй эр хүний ард, ухаантай эмэгтэй байдаг. Баярлаж талархах сэтгэлээр дүүрэн байна.
-Олон жил барилдсан дохёныхоо талаар?
-Би хүмүүст эр зориг, урам хайрлах гэж дохён дээр гарч барилддаг байсан бол өнөөдөр эсрэгээрээ та бүхнээс эр зориг авлаа. Одоогоос эхлэн өөр дохён дээрх миний тулаан эхэлнэ. Оякатагийн хувьд ёкозүна шавь төрүүлэхийн төлөө хичээн зүтгэхгүй бол болохгүй гэсэн бодол төрсөн.
-Сүмо сонирхогчдод хандан?
-Хаана ч юм тааралдаад дуудах юм бол баяртайгаар зураг авахуулах болно. Цаашдаа тойргийн барилдаан гээд холбооны ажлаар хөдөө их явна гэж бодож байгаа болохоор сүмо сонирхогчидтойгоо инээд дүүрэн уулзвал сайхан даа.
-Шинэ үс засалт чинь таалагдаж байна уу?
-Маш олон хүн хайч хүргэсэн болохоор бодож байснаас бага үс үлдсэн шиг санагдаж байна. Мэргэжлийн сайн үсчнээр засуулсан болохоор 100 хувь сэтгэл хангалуун байна.
-Харүмафүжи аварга үг хэлсний дараа нулимс асгаруулсан...
-Аварга маш гүн гүнзгий утгатай үг хэлсэн. Хүмүүст хэлсэн үгийг нь хэлж болох юм болов уу? “Нэгэн дохён дээр барилдаж байснаараа бахархаж байна” гэж хэлсэн. Өөр юу хэлснийг нь Харүмафүжи аваргаас өөрөөс нь асуугаарай. (Бичлэг үзэх)
-Отгон охин тань аавдаа хандан захидал уншлаа...
-Үнэхээр их сэтгэл хөдөлсөн. (Бичлэг үзэх)
-Хамгийн сүүлчийн удаа аваргын дохёнд гарах ёслол танд ямар сэтгэгдэл үлдээв?
-Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөхийг заавал сүүлийн ёслолдоо оролцуулна гэж бодож байсан болохоор озэки Такакэйшёог урьсан. Хоошёорюү бол монгол сүмочдоос хамгийн их үнэлдэг бөх. Ахтай нь буюу ёкозүна Асашёорюүтэй өрсөлдөж байсан болохоор Хоошёорюүг сонгосон юм. Дохёнд гарах ёслол хийлгүй удсан болохоор бага зэрэг сандарлаа.
-Сүүлийн барилдаанаа ууган хүүтэйгээ хийлээ...
-Хүүдээ энэ дурсамжаа зүрх сэтгэлдээ хадгалж, Хакүхогийн гэр бүл, удам угсаагаа хамгаалан, бүх хүч чадлаараа хичээн зүтгэж яваасай гэж хэлэхийг хүссэн.
-Хүү тань дохён дээр өвөөгийнхөө гэрэл зургийг барьсан байсан?
-Эрүүл чийрэг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн ээж, аавдаа баярлаж байна. Аав минь тэнгэрийн орноос намайг харж, хамгаалж байгаа гэж итгэдэг. Аавынхаа ачийг хариулж чадсан гэж боддог.
-Өнөөдөр ээжийн тань төрсөн өдөр гэсэн.
-Ёслол их сайхан боллоо. Ингээд би Миягино ояката боллоо.
-Дохёноосоо адис авч байсан...
-Хурдхан ёкозүна, озэки цолтой шавь төрүүлж, бөх сонирхогчдын өмнө гарч ирэх болно гэсэн амлалт, баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.
-Багш тань хамгийн сүүлд хайч хүргэхэд?
-За ингээд дууслаа гэсэн бодол төрснөөс гадна ийм сайхан, хэт зөөлөн гэж ч хэлж болохоор багшийн удирдлага дор барилдаж байсандаа баярлаж, талархсан. Өөр олон бодол төрж байлаа.
-Цаашдын зорилго?
-300 жилийн түүхтэй "Миягино" дэвжээнийхээ нэр төрийг өндөрт өргөж явах болно. Цолтой шавьтай болчихсон болохоор одоо ёкозүна, озэки гаргаж, сүмогийн ертөнцийн ачийг хариулна. Эзэн хааны цом өргөх шавь гаргах хүсэл минь улам дүрэлзэн ассан.
Сэтгэгдэл ( 0 )