“Рио Тинто” одоо “том” болсон, бид цахилгаан станцаа л нэхмээр байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

“Рио Тинто” компани оны өмнөхөн “Туркойз Хилл”-ийг худалдаж авав. Шинэ жил гэж баярлаж хөөрөөд, нүүрсний хулгай гэж хөмсгөө хуниралдуулж байсан бид энэ мэдээллийг нэг их анзаараагүй байх. Үнэндээ Монголын төр ч, олон нийт ч энэ мэдээлэлд тэр бүр анхаарлаа хандуулаагүй. Уг нь алс хэтээ боддог бол хойш тавьж, анзааралгүй өнгөрөөхөөргүй сэдэв. Оны өмнө чухам ямар хэлцэл болоод  “Рио Тинто” компани “Туркойз Хилл”-ийг худалдаж авав. Хамтдаа товч зураглая.

Бараг хагас жил яригдсан “Туркойз Хилл Ресурс” компанийг нэгтгэх үйл явц өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр эцэслэгдэв. “Рио Тинто” компани “Туркойз Хилл Ресурс” компанийн эзэмшиж байсан 49 хувийг 3.1 тэрбум ам.доллароор худалдаж авсан юм.

Өөрөөр хэлбэл “Оюу Толгой”-н бүтэц Монгол Улсын Засгийн газар 34 хувь, “Рио Тинто” компани 66 хувь эзэмшдэг болж бүтэц өөрчлөгдсөн гэсэн үг. Канадын Юконы Дээд шүүхээс холбогдох зөвшөөрлүүдийг олгосноор ийнхүү эцэслэгдсэн юм. Одоо “Туркойз Хилл Ресурс” бол “Рио Тинто”-ийн хаалттай охин компани болсон. Энэ наймааны дараа Монгол Улс яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ашигтай байх уу, үгүй юу? Наймаа эхлэхээс өмнө хөрөнгө оруулагчдын ээдрээ яг л Солонгос савангийн дуурь шиг үргэлжилсэн. Гар барьж наймаа эцэслэгдэхээс дөрвөн жилийн өмнө далд уурхайн зардал, ашиглалтад орох хугацаа нэмэгдэв. Үүний дараахан 2019 онд “Рио Тинто” компанид ажиллаж байсан нэгэн эр нэрээ нууцлан байж зардал өсөж, хугацаа хэтэрсэн нь санаатай үйлдэл гэж шүгэл үлээв. Нэг ёсондоо удирдлагууд нь мэдсээр байж хөрөнгө оруулагчдад энэ тухай мэдээллийг ил тод өгөөгүй гэж Лондонгийн хөдөлмөрийн шүүхэд ч, Нью-Йоркийн шүүхэд ч хандсан. Улмаар “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид, ялангуяа “Пентуотер Капитал” компани асуудал дэвшүүлж, олон тооны шүүхэд хандах процесс үргэлжилсэн.

Энэ хооронд “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компаниуд хоорондоо толхилцож шүүхэд хандсан нь манайд сенсаац болох шив. “Оюу Толгой”-н далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Үүнээс ч хойшлох үндэстэй гэж Рио Тинтогоос мэдэгдсэнээс нь “Туркойз Хилл Ресурс” компанид ч, Монгол Улсын Засгийн газарт ч ашиггүй. Австралийн алдарт “AFR” сонинд дурдсанаар “Туркойз Хилл Ресурс”, Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанийг бүх талаар шахаж ажиллаж байгаа бололтой. Гэхдээ үүнд Монгол Улсын Засгийн газрын нөлөө, байр суурь ямар байгаа нь тодорхойгүй байна. Далд уурхайн зардал нэмэгдэнэ гэдэг нь мөнгө хэрэгтэй гэсэн үг. Хэдийгээр Туркойз Хилл Ресурс, Рио Тинто хоёул дэлхийд тэргүүлэх компани хэдий ч мөнгө тарьдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Чухам энэ шалтгаанаас болж хөрөнгө оруулагчдын толхилцоон улам хурцадсан. Хоёр тал асуудлаа шийдвэрлэж чадаагүй тул 2021 оны нэгдүгээр сард харьяаллын дагуу Канадын Бритиш Колумб мужийн арбитрын шүүхэд очсон юм. Гэхдээ яасан гээч шүүхийн процесс үргэлжилж байхад өнөөх хоёр тохиролцож шүүхээс хэргээ татаж авснаар энэ маргаан үндсэндээ өндөрлөсөн. Тэгээд дахиад жилийн дараа хоёр тал дахин гар барьж дээр дурдсан наймаа бодит ажил хэрэг болсон юм.

Эндээс нэг зүйлийг тодорхой харах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бид “Дубайн гэрээ”-г цуцлуулаад, Монголын талдаа ашигтайгаар эргүүлээд, одоо хоёр талын оролцоотой ажлын хэсэг байгуулаад хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгох дээр хамтраад явж байна. Гэхдээ юу гээч, энэ бүхэн хэний гавьяа гэдгийг бид тогтож харах хэрэгтэй. “Туркойз Хилл Ресурс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтад эргэлзээтэй хандаж ирсэн. Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулаад, хэзээ ашиглалтад орох тухай зармын хувьд хэд, хэдэн ялгаатай мэдээлэл хөрөнгө оруулагчдад өгч байсан учраас ийнхүү эргэлзсэн хэрэг. Нэг ёсондоо жижиг хувьцаа эзэмшигчдийн хардлага сэрдлэгэ, хяналтаар “Дубайн гэрээ” хуудуутай юм аа гэдгийг дэлхий дахин ч, Монгол Улсын Засгийн газар ч ойлгосон. Тийм ч учраас Оюу Толгойн гэрээг Монголын талд ашигтайгаар эргүүлэх ажлын хэсгийг Их хурлаас байгуулан хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ цаг үетэй “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирлаар монгол хүн томилогдсон нь цаг хувьцааны хувьд гайхалтай давхцал байсан юм.

“Рио Тинто” компаний “Туркойз Хилл Ресурс”-ийг худалдан авсны дараахан Зэсийн группийн захирал Б.Болд хэлэхдээ “"Оюу толгой" төслийн хөрөнгө оруулагч талуудын хувь эзэмшлийн бүтэц энгийн болж, “Rio Tinto”, “Эрдэнэс Оюу Толгой” улмаар Монгол Улсын Засгийн газар хооронд мэдээлэл солилцоо хялбаршиж, ил тод байдал, төслийн хяналт сайжирна гэж үзэж байна" гэж байв. Хэдий тийм ч нөлөөгөө үзүүлэх нэг том сул тал бий. Монгол Улсын Засгийн газар өмөн нь аливаа маргаан үүсэхэд жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтран байр суурь, шаардлагаа илүү хүчтэй тавьж ирсэн. Харин энэ наймаа эцэслэгдсэний дараа энэ боломж үгүй болж байна. “Рио Тинто” компанийн тооцооллоор энэ оны эхний хагаст “Оюу Толгой”-н гүний уурхай тогтвортой үйлдвэрлэлд хүрнэ. Энэ цаг үед хяналт сайн байж гэмээж нь Монголын эрхшигт нийцэх үр дүнд хүрэх учиртай. Манайхан тооцолохдоо гүний уурхайгаас тогтвортой ашиг авдаг болох жил нь 2028 он гэж тооцоолсон. Түүнээс өмнө “Рио Тинто”-той ойлголцож байж, асуудал гарвал тухай бүрд нь засаж сайжруулж байж өмнөх алдаагүй давтахгүй байх учиртай.

Одоо бидний өмнө “Оюу Толгой”-н эрчим хүчийг Монголын атлаас хангуулах маш том ажил бий. Одоогоос яг нэг жилийн өмнө Оюутолгойн далд уурхайн улаар огтлох малтлагын ажлыг 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлсний маргааш нь буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК гарын үсэг зурж баталгаажуулсан. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн улаар огтлох малтлагыг эхлүүлэхээс өмнө манай талд хэд хэдэн ШААРДЛАГА тавьж байсны нэг нь эрчим хүчний эх үүсвэрийн асуудал байсан юм.

Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн тайлбарыг манай талд 2021 онд ирүүлсэн байв. Түүнчлэн улаар огтлох ажлыг эхлүүлсэнтэй зэрэгцэн эрчим хүчний дээрх гэрээг талууд байгуулсан юм. Тухайн үед Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ “Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангаснаар жилд 120 сая ам.доллар Монгол Улсын эрчим хүчний салбарт үлдэнэ. Цогц арга хэмжээний нэг нь 450 мВт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станцыг байгуулна. Цахилгаан станцын эхний блокийг  2024 онд ашиглалтад оруулна” гэж байв. Жижиг хувьцаа эзэмшигчдийн хяналттай байхад ч үр дүн шийдэлд хүрэлгүй, манай хэдэн сайд нар улаан тууз хайчилснаар өөрөөр эрчим хүч хангах асуудал олигтой урагшлаагүй байна. Одоо бид асуудалд шинжлэх ухаанчаар хандах шаардлагатай. Тэгэхгүй бол жижиг хувьцаа эзэмшигчдийн том хүчгүй болчихсон. Гүний уурхай 2028 онд ашгаа өгөхөөс наана сонгуулийн циклдээ багтаагаад эрчим хүчний асуудлаа шийдэх ёстой. Нийтлэлийн төгсгөлд уншигч танд нэг тоо сануулъя. Энэ бол 120 сая ам.доллар. Чухам ямар учиртай тоо гэвэл “Оюу Толгой” эрчим хүчээ Монголын талаас хангаснаар манай улсад үлдэх мөнгөн дүн юм!!!

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.117.64) 2023 оны 02 сарын 02

Рио тинтогоор ТТ цахилгаан станц бариулчих байсан боломжийг тухайн үеийн эрчим хүчний сайд байсан Даваасүрэн болиулчихсан гэж сонссон! Хэрэв үнэн бол …

0  |  0
зочин (202.9.46.155) 2023 оны 02 сарын 02

тавантолгойн цахилгаан станциа барихгүй үхсэн үлийгээ хийгээд бга тэнэгүүд вэ??????????????????? хурдан бриач

0  |  0
Коффи Аннан(66.181.183.199) 2023 оны 02 сарын 02

Тавантолгойн цахилгаан станц барих эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулчихсан. Одоо ЗАСГИЙН ГАЗАР энэ асуудлаа хариуцах ёстой. Энэ асуудлаа ерөнхий сайд Оюуэрдэнэ ЭХ-сайд Чойжилсүрэн нарыг яаралтай барьж байгуулах талаар шахаж ажилла.

1  |  0
Top