Санхүүгийн луйвар буюу пирамид, понзи схемээс болгоомжлохыг СЗХ-ноос анхаарууллаа.
Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс ихсээд байна. Цагдаагийн ерөнхий газарт 2021 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25,3 хувийг санхүүгийн залилан, луйврын төрлийн гэмт хэрэг эзэлж байсан бол өнгөрсөн оны урьдчилсан тайлан мэдээгээр нийт гэмт хэргийн 32.8 хувийг эзэлжээ. Иймд иргэд, олон нийт өндөр өгөөж, ашиг амласан элдэв саналыг хүлээж авахын өмнө тухайн компанийн талаарх мэдээллийг сайтар нягтлахын зэрэгцээ санхүүгийн луйвар буюу санхүүгийн пирамид, понзи схемд өртөхөөс сэргийлэхийг зөвлөж байна.
Санхүүгийн пирамид нь цөөхөн хэдэн хүнд ашиг өгдөг буюу анх хөрөнгө оруулсан хэсэг нь хожиж, үлдсэн олонх нь хохирч үлдэхийг хэлдэг. Тодруулбал, пирамид схемийг эхлүүлэгч богино хугацаанд өндөр өгөөж авах боломжийг амалж шинээр элсэгчдийн төлсөн гишүүнчлэлийн мөнгийг өмнө элссэн гишүүдэд өгөх замаар үйл ажиллагаа нь үргэлжилдэг юм. Ихэвчлэн сүлжээний бизнес дээр суурилдаг бөгөөд мөнгө олохын тулд оролцогчдоос шинэ гишүүн элсүүлэхийг шаарддаг. Ингэхдээ “...Бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байна. Амжиж хөрөнгө оруулаарай. Эхний 50 хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай бэлэгтэй. Энэхүү боломжийг бүү алдаарай. Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулбал тусгай хөнгөлөлт эдлэнэ...” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлдэг.
Санхүүгийн понзи схем ч мөн адил хуучин хөрөнгө оруулагчдын ашгийг шинэ хөрөнгө оруулагчдаас татсан мөнгөөр төлөх замаар ажилладаг тул сүүлд нь хөрөнгө оруулсан иргэд мөн л хохирдог. Ингэхдээ иргэдийг татахын тулд маш бага эсвэл ямарч эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амладаг. Хамгийн гол нь иргэд эдгээр саналд мөнгөө оруулахаасаа өмнө тухайн компани, иргэн нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан эсэхийг нэн түрүүнд шалгах ёстой юм. Мөн санхүүгийн тайлан, мэдээлэлтэй ч танилцах хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйврын хохирогч болохос сэргийлж чадна.
Түүнчлэн өндөр өгөөж, ашиг амласан ямар ч саналыг хүлээж авахын өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж, сэрэмжлүүлэх зорилгоор 2021 онд гаргаж байсан “Санхүүгийн луйвар пирамид болон понзи схем” гарын авлагыг уншихыг зөвлөж байна гэв.
Сэтгэгдэл ( 0 )