СТАТИСТИК: Сар шинэ угтсан нэгдүгээр сард инфляц буурч 12.3% болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

 

Инфляцын түвшин 2023 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарсан гэж ҮСХ-ноос мэдээллээ.  Тэгэхээр 2022 оны сүүлийн сард 13.2 хувьтай гарч байсан  инфляцын эрчим сар шинийн баяр угтсан нэгдүгээр сард буурсан үзүүлэлтийг статистикчид танилцууллаа. 

Инфляц 2022 оны 11 дүгээр сард 14.5%-иар өссөн үзүүлэлттэй байсан юм. 

Энэ оны эхний сард Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
  • Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

 

Дашрамд, иргэд инфляцын талаар ямар  хүлээлттэй байгааг "Хэрэглэгчийн итгэлийн индекс" судалгааны сүүлийн буюу өнгөрсөн 12 дугаар сарын  мэдээлэлд тулгуурлан хүргэе. 

Судалгаанд, Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 900 гаруй иргэд хамрагджээ. 

Ирэх 6 сарын хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 70, ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 58 байна. Хэрэглэгчид инфляцын түвшинг ирэх 6 сар болон нэг жилийн хугацаанд харгалзан 9.5 болон 10.7 хувь байна гэсэн хүлээлттэй байна. Хүлээгдэж буй инфляцын ойрын 6 сар болон жилийн дараах түвшингүүд өмнөх улиралтай харьцуулахад буурсан байна.

Эндээс үзвэл иргэдийн дийлэнх нь үнийн түвшин өснө гэж үзэж байна. Гуравдугаар улиралд иргэдийн инфляцын хүлээлт өсөх хандлагатай байсан бол энэ улиралд инфляцын хүлээгдэж буй утга эргээд буурсан байна. Энэ улиралд инфляцын талаарх тодорхой бус байдал эрс өссөн. Хөдөө амьдардаг хэрэглэгчдийн ирэх нэг жилийн хугацааны үнийн түвшний хүлээлт Улаанбаатар хотод амьдардаг хэрэглэгчидтэй ойролцоо түвшинд байна. Хотод жилийн хүлээгдэж буй инфляц 10.7 хувь байгаа бол хөдөө 11 хувь гэж гарчээ.  6 сарын инфляцын хүлээлт хөдөөний хэрэглэгчдийн дунд хотынхоос арай өндөр байгаа дүн судалгаагаар гарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top