Хуурай боомт, тээвэр, логистикийн төв байгуулахад  туслалцаа хүслээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.09/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буагантай уулзаж, агаарын тээврийн шууд нислэг, төмөр замын болон далайн тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Мэдээлэлд, сайд С.Бямбацогт “Монгол Улс,  АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. 2023 оны тавдугаар сард багтаан Монгол, АНУ-ын хооронд Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллах саналтай байна. Хоёр улс хооронд шууд нислэгтэй болсноор эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа өргөжин тэлж, иргэд хямд үнээр, богино хугацаанд нисэх боломжтой болно. Тиймээс нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулахад техникийн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.

Бид өнгөрсөн онд шинээр гурван төмөр замын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж 3.5 сая.тонн ачаа тээвэрлэсэн. Энэ онд баруун болон зүүн босоо чиглэлийн 2000 гаруй км төмөр замын төслийг эхлүүлнэ. Тиймээс шаардлагатай зүтгүүрийг худалдан авах, шуурхай татан авчрахад дэмжлэг үзүүлж, цаашлаад хуурай боомт, тээвэр, логистикийн төв байгуулах тал дээр туслалцаа үзүүлэхийг хүсье” хэмээн хэллээ.

Элчин сайд Ричард Буаганы зүгээс хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа, Агаарын тээврийн хэлэлцээрийг батлуулахад онцгой анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top