Хүүхдэд согтууруулах ундаа зарахгүй байх прокурорын мэдэгдэл хүргүүлэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 12

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 737 даалгавар бичгээр өгч ажиллажээ.

Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, албан тушаалтанд 22 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн мэдэгдлүүдээс дурдвал:

-Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н нь хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж, төрийн албанд томилогдсон гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аймгийн Боловсролын газарт, 

-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий дэлгүүрийн худалдагч 21 насанд хүрээгүй буюу 14 настай хүүхдэд архи, согтууруулах ундаа худалдсан гэх зөрчлийн хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “Эрхэм Өргөө” ХХК-д тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top