Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд "Монгол-Солонгосын бизнес форум" тус улсын ХАҮТ-д зохион байгуулагджээ. Форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Ким Ёнг Хүн, БНСУ-ын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамны худалдаа хариуцсан Орлогч сайд Жонг Дэ Жин болон Монголын талаас 60 компанийн 80 гаруй төлөөлөгч, БНСУ-ын талаас 140 гаруй оролцогч оролцсон байна.
Бизнес форумд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцож, "Монгол дахь бизнес боломжууд: Уул уурхайн бус экспорт", Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Монгол Улсын уул, уурхайн салбарын хамтын ажиллагаа”, Солонгосын олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн (KIEP)-ийн судлаач, доктор Пак Жүнгху “Монгол-Солонгосын Эдийн засгийн хамтын ажиллагааны өнгөрсөн 33 жилийн ололт, амжилт ба Түншлэлийн хэтийн чиг хандлага” сэдвүүдээр илтгэл танилцуулжээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин илтгэлдээ, Хоёр орны худалдаа 2022 онд 702.3 сая ам.долларт хүрч өссөнөөс экспорт 277 сая ам.доллар, импорт 424.6 ам.доллар байна. Нүүрс, алт, молибдены хүдэр, ноос ноолуур экспортолж, тамхи, газрын тос, тээврийн хэрэгсэл, шингэн хүнс, гоймон, цахилгаан хуримтлуулагч импортолсныг онцлоод цаашид Монгол Улсаас уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортлох асар нөөц, бололцоо байгааг тодотгов. МҮХАҮТ-аас нэн тэргүүнд мах, хуш модны самар, ноос, ноолуур, арьс шир, аялал жуулчлалын экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг тодорхойлсон.
Мөн тэрбээр БНСУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалж, харилцан ашигтай бизнесийн харилцааг хөгжүүлэх, боловсруулах дэвшилтэт технологиудыг Монголд нэвтрүүлэх нь нээлттэйг онцлоод МҮХАҮТ танхимын шугамаар БНСУ-ын ХАҮТ-тай нягт хамтран ажиллаж, тус улсын бизнес эрхлэгчид, ААН-үүдийн бизнесийг Монголын зах зээлтэй холбож өгөх гүүр болж ажиллах боломжтойгоо илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )