Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн арматур Япон стандартыг хангадаг

2023 оны 02 сарын 15

Орон сууц худалдан авч буй иргэд барилга баригдсан арматурын чанарын баталгаажуулалтыг анхаарах ёстой

Сүүлийн өдрүүдэд Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшиг дэлхий нийтийг түгшээж байна. Энэ түгшүүртэй хамт болзошгүй гамшигт хэр бэлтгэлтэй вэ, аюулгүй байдал хангагдаж чадаж байгаа юу гэсэн асуулт олон нийтийн дунд хурцаар тавигдаж  байгаа юм. Үүнтэй холбогдуулаад бид барилгын чанар, аюулгүй байх гол түүхий эд болсон арматурын үйлдвэрлэлийн талаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн бэлтгэн ирүүлсэн мэдээг хүргэж байна.

Байгалийн хүчин зүйлийн улмаас газар хөдлөлийн гамшиг тохиолдоход чанартай, чанаргүй барилга нурах эрсдэл үүсч байгааг бид Турк улсын жишээнээс харж байна. Чанартай, туршилт баталгаажуулалтын шаардлага хангасан арматур, барилгын материалаар баригдсан барилга дотроос хүн амьд гарах магадлал өндөр байж болохыг дэлхий нийтээр харж дор бүрнээ чанар стандартдаа анхаарал хандуулж байна.

Монгол улсад олон улсын тэр дундаа япон улсын JIS стандартыг хангасан арматурыг "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" үйлдвэрлэж чанарын баталгаажуулан дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тус компанийн  Гангийн үйлдвэр нь Япон улсын “Ниссэй”, “Мицубиши” зэрэг компанийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жилдээ 122 мянган тонн хаягдал төмөр хайлж, 100 гаруй  мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай  үйлдвэр юм.

Төмөр бетон бүтээц эдлэлийн шахалтын бүсийн бетоныг хүчитгэх, суналтын хүчийг хүлээн авах зориулалтаар хэрэглэдэг арматурын чанар стандартыг олон улсад үйлдвэрлэлийн технологиор нь тогтоодог байна. Гэвч манай улсад олон улсад хүлээн зөвшөөрөгддөггүй технологи ашиглан чанаргүй, шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж мөн импортоор оруулж ирж байгаа нь анхаарал хандуулах асуудлын нэг яах аргагүй мөн юм.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр япон улсын тоног төхөөрөмж, тоноглол, технологи дээр үндэслэгдсэн. Тус төрийн өмчит компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар стандарт нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байдаг Япон  улсын JIS стандартад суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндсэн шаардлагыг хангасан стандартаар үйлдвэрлэгдэж байна.

Металлургийн үйлдвэрлэл тэр дотроо дэд бүтэц, барилга, орон сууцад хэрэглэгдэх арматурын үйлдвэрлэл нь нарийн төвөгтэй, мэргэжлийн ур чадвар шаардсан үйлдвэрлэл байдаг. Тиймээс Чанар стандарт нь тодорхойгүй, үйлдвэрлэлийн технологи зөрчигдсөн хямд үнэтэй дотоодын жижиг үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн болон тухайн улсдаа стандартын шаардлага хангаагүйн улмаас манай улсад импортоор орж ирж хямдаар худалдаалагдаж байгаа арматураар барилга байшингаа барихгүй байхыг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-иас барилгын салбарынхандаа уриалж байна. Мөн орон сууц худалдан авахдаа иргэд энэ тал дээр хяналт тавьж ялангуяа арматурын чанар стандартын баталгаажуулалтыг шаардах нь өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах эхний алхам гэдгийг тус Төрийн өмчит компаниас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.185.20) 2023 оны 02 сарын 16

Газар хөдлөлтийн идэвхитэй бүс Японы стандартыг хангадаг юм бол яагаад тэд авахгүй байгааг тайлбарласангүй, сэжигтэй.

0  |  0
Top