"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтаар "Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах" сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.
Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан энэ чиглэлээр илтгэл танилцуулсан.
Тэрбээр Монгол Улсын эдийн засаг уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүнээс шууд хамааралтай. 1990 оноос хойш хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарыг чиглэсэн байдаг. Эдийн засгийн энэхүү хамаарлаас шалтгаалаад Монгол Улсын төсвийн орлогын 25 орчим хувийг жил бүр уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлдэг. Энэ ч үүднээс уул уурхайн салбарын орлого, ашигт малтмалын үнийн өсөлт, бууралт нь Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг. 2023 оны улсын төсвийн орлогод таван их наяд төгрөгийг уул уурхайн орлогоос төвлөрүүлэхээр төсөвт тусгасан байгаа бөгөөд их хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэхдээ уул уурхайн баялгийг зөв захиран зарцуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсдэг гэдгийг онцолсон.
Уул уурхайн салбараас хамааралтай улс орнууд өөрийн онцлогоос хамаараад энэхүү шавхагдах нөөцийг иргэддээ тэгш хуваарилахаас гадна ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хуримтлал үүсгэх, гадаад зах зээлээс өндөр хамааралтай байдаг ашигт малтмалын орлогыг зөв захиран зарцуулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор баялгийн сан байгуулдгийг тодотгоод Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлж байгааг дурдлаа.
2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд газрын хэвлийн баялгийн үр, өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш хүртээх ёстой гэсэн зарчмыг агуулсан заалт тусгасан. Баялгийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв үү гэдэгт та бүхэн санал бодлоо хуваалцаж, шийдвэр гаргах ёстой гэдгийг онцлоод үндэсний баялгийн сангийн давуу болон сул талын талаар танилцуулсан.
Тэрбээр, баялгийн сан байгуулж буй нөхцөлд түүний удирдлага ямар байх вэ гэдэг нь хамгийн чухал, анхаарч үзэх ёстой асуудал гэдгийг тэмдэглээд олон улсын туршлагаас харахад баялгийн санг үндсэндээ хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг гэж байлаа.
Бидний хувьд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж мэргэжлийн баг удирдсанаар тухайн сангийн эх үүсвэрээр улс орныхоо хөгжилд нэн шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, сангийн удирдлагыг ил тод, зөв сонгож чадахгүй нөхцөлд улс төрөөс хараат бус байх байдал алдагдах сул талтайг онцлов.
Баялгийн санд иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд мэдээллийн ил тод байдал чухал. Ийм механизмыг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хэчнээн мэргэжлийн баг ажиллууллаа ч энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гээд үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь улс төрөөс хараат бус бөгөөд мэргэжлийн байж, олон нийтийн хяналтад ил тодоор ажиллах шаардлагатай гэж байлаа.
Мөн баялгийн сантай холбоотойгоор орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөх болсныг дурдсан. Томоохон аж ахуйн нэгжүүдийн зүгээс орон нутгийн хөгжлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавхаасаа хамаараад орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх, цаашлаад нөхөн сэргээлт хийгддэггүй зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компаниудад байгаль экологи, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхлэх, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой бус байна. Иймд энэ чиглэлд анхаарах шаардлагатайг дурдсан.
Тэрбээр, томоохон бүтээн байгуулалт гэдэг өргөн цар хүрээтэй, их хэмжээний санхүүжилт шаарддаг, урт хугацаанд хэрэгждэг төслүүд байдаг. Ийм төслүүд хэрэгжсэнээр дэд бүтцийн салбараас гадна бусад салбарт зардал буурах, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн үзүүлдэг ч экологийн тэнцвэр алдагдах, малчдын суурьшлын бүс хөндөгдөх зэргээр сөрөг үр дагаврууд гардгийг онцлоод энэ талаар жишээ татан дэлгэрэнгүй тайлбарлав.
Сэтгэгдэл ( 0 )