"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтаар "Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах" сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана энэ чиглэлээр илтгэл танилцуулсан.
Тэрбээр "Төв банк үндсэн чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх баталгааг сайжруулах, төвлөрлийг сааруулж, бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийх сэдвийг хөндсөн илтгэл тавьсан.
Төв банк хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Мөнгөний бодлого гэдэг нь төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой хадгалах, инфляцыг нам түвшинд байлгах, иргэдийн худалдан авах чадварыг сайжруулахад чиглэдэг гэдгийг тодотгоод мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хадгалах, хараат бус байдлын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Дараа нь төвлөрлийг сааруулж, бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийх асуудлын талаар хөндөн ярьсан.
Монгол Улс 21 аймаг, 330 сум, нийслэл хотын 9 дүүрэг, 1639 баг, 171 хороотойг дурдаад асуудлын гол нь өнгөрсөн 30 гаруй жилийн турш хот суурин газар луу шилжилт хөдөлгөөн тасралтгүй явагдсаар байгаа шалтгаан нөхцөлийн талаар тодорхой мэдээлэв. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал нь холбогдох хуулиар зохицуулагддаг. Иймд Үндсэн хуульд энэхүү нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, нутгийн иргэдийн саналыг үндэслэж Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн заалттайг тодотгож байлаа.
Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин суурьшигч иргэдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж, энэ асуудлын хүрээнд гарч болзошгүй давуу болон сул талын талаар тайлбарлав.
Сэтгэгдэл ( 0 )