Монголын эдийн засаг 4.8%-иар ӨСЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Монголын эдийн засаг 2022 онд 4.8%-иар өссөн дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Тодруулбал, үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 52.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.3  их наяд төгрөг буюу 21.4%-иар өссөн  бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.3 их наяд төгрөг буюу 4.8%-иар өсжээ. 

Сануулахад, Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 хувийн өсөлттэй гарч байсан. 

Үйлдвэрлэлийн аргаар тооцдог  Дотоодын нийт бүтээгдэхүүн нь шинээр бий болсон нэмэгдэл өртөг аль салбарт бий болсныг харуулдаг. Үүнийг Дотоодын нийт бүтээгдэхүүний ӨСӨЛТ гэж ойлгож болох юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 4.8 хувиар өссөний 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, -1.6 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.8 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 2.6 нэгж хувийг 
үйлчилгээний салбар, 1.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ. 

Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 4.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 455.5 (12%) тэрбум төгрөгөөр өссөн нь ДНБ-ий  өөрчлөлтөд 1.7 нэгж хувиар эерэг нөлөө
үзүүлсэн байна.

Харин уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 440.0 (11.9%) тэрбум төгрөгөөр буурчээ. Энэхүү бууралтад төмрийн хүдэр, хүдрийн баяжмал 26.9 хувиар, газрын тосны олборлолт 45 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 2022 онд 4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 228.7 (6.1%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд, барилгын салбарын нэмэгдэл өртөг 7.9 хувиар, боловсруулах салбарын нэмэгдэл өртөг 6.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг 2022 онд 13.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 699.8 (5.5%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 8 хувиар, мэдээлэл, холбооны салбарын нэмэгдэл өртөг 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top